Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд нийслэл хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр хангах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (УГЦҮ)-ийг холбогдох шугам хоолойн хамт барьж байгуулна. Энэ хүрээнд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг Сонгинохайрхан уулын бэлд тавьж, бүтээн байгуулалтын ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нийт хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлийн усан хангамжийн найдвартай байдлыг бүрдүүлэх, ирээдүйн тогтвортой хөгжлийг нь хангах зорилго нь бодит ажил болох боломж бүрдэх юм.
Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь Мянганы сорилтын Компакт гэрээ билээ. Гэрээний хүрээнд ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлснээр нийслэлчүүд 100 жилийн найдвартай усан хангамжтай болно.
93 сая ам.долларын өртөгтэй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлээр ашиглалтад орох бөгөөд нэг жил орчим хугацаанд туршилт, тохируулгын ажил хийх юм. Биокомбинат, Шувуун фабрик орчимд 30 гүний худаг гаргаж, жилд 50 сая хүртэл шоо метр ус татан авч цэвэршүүлэн нийслэлчүүдэд хүргэнэ.
Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомсдолд орж болзошгүй нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорац Компакт гэрээгээр олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бүхэлд нь үүнд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.
Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай уялдуулан барьж, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэр Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ. Цаашид саарал гэгдэх усыг аж үйлдвэрлэлийн олон салбарт ашиглах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.