Эрүүл мэндийн сайд Н.Удвал АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл болон түүнийг дагалдан яваа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Суурин төлөөлөгч ноён Франсиз А.Донован нарыг өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл болон түүнийг дагалдан яваа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Суурин төлөөлөгч ноён Франсиз А.Донован нарыг өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Элчин сайд хатагтай Кэмбэлл хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа дөрвөн үндсэн чиглэлээр эрчимтэй хөгжиж байгаа ба эрүүл мэндийн салбарт Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд хот суурин газар болон хөдөө орон нутагт ажиллаж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд туслах болон хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэргээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдлаа.
Сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаатай санал нэгтэй байгаагаа тэмдэглэн хэлээд, АНУ-ын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт олгосон 39.1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаад эрүүл мэндийн сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын явцад талууд эрүүл мэндийн салбар дах тулгамдсан асуудлууд, саад бэрхшээл, хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо зохицуулалтыг сайжруулах, шинээр байгуулагдсан яамдын чиг үүрэг давхцалтай эсэх зэрэг сонирхсон бусад асуудлуудаар харилцан ярилцаж, санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолж, цаашид байнгын холбоотой ажиллах нь зүйтэй гэж үзлээ.



















































