Өчигдөр болсон Гүржийн парламентийн сонгуульд сөрөг хүчний нам “Гүржийн мөрөөдөл” ялах нь тодорхой боллоо.

Энэ явдлыг Гүрж улсын зарим телевизүүд сонгуулийн дүн хэмээн нэвтрүүлсэн байна. Учир нь тус улсын бүхий л судалгааны байгууллагын дүн мэдээгээр “Гүржийн мөрөөдөл” нам илт давуу ялна гэсэн дүгнэлт гарчээ.
“Рустави2” телевизийн судалгаагаар Гүржийн мөрөөдөл 51, Үндэсний хөдөлгөөн 41, Ардчилсан христүүд 4, Хөдөлмөрийн нам нэг, үлдсэн нь гурван хувийн санал авна хэмээн нэвтрүүлж байна. Энэхүү судалгааг “Эдисон” судалгааны төвөөс гаргажээ.
Харин “Voters’ League” ТББ-ын 29000 сонгогч оролцуулсан судалгаагаар Гүржийн мөрөөдөл 70.29, Үндэсний хөдөлгөөн 24.66, үлдсэн нь 5.9 хувиар ялна гэсэн дүгнэлт хийжээ.

Оксфордын их сургууль зохион байгуулсан “Маестро” телевизийн судалгаагаар Үндэсний хөдөлгөөн 27, Гүржийн мөрөөдөл 63 хувиар ялна гэсэн дүгнэлт гаргажээ.
“Tbilisi” байгууллагын судалгаанд ч мөн Гүржийн мөрөөдөл 75, Үндэсний хөдөлгөөн 18 хувиар тэргүүлсэн байна.
Гүржийн мөрөөдөл нам ялах нь ойлгомжтой болсон дүн мэдээний дараа тус намын удирдагч Бидзина Иванишвили дэмжигчдээ цуглуулан уулзалт хийж, “Би чадсан. Гүржийн ард түмэн чадсан. Бид улс орон, сүр хүчээ эргүүлэн авсандаа баяртай байна” хэмээн хэлээд баяр хүргэсэн байна.
Урьдчилсан дүн мэдээний судалгаагаар 4.5 сая хүн амтай Гүрж улсын парламентийн сонгуулийн 150 суудлын 77-г Гүржийн мөрөөдөл, 41 хувийг одоогийн ерөнхийлөгч Михайл Саакашвилын Үндэсний хөдөлгөөн нам авах аж.
Гүржийн сонгуулийн албан ёсны хариу үүрийн 03:00 цагт гарах юм байна.
Д.Идэр



