зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2021 он “24tsag.mn”-ын үзгээр...

2021-12-31
0
ЖИРГЭХ

1.ХӨЛ ТУШААТАЙ ХОНОГУУД

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Ковид 19”-ийг цар тахал хэмээн зарласнаас хойш дотооддоо алдалгүй жил болсон Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд анхны тохиолдлоо зарласан. Харин тэр үеэс хойш буюу 2021 онд Улсын онцгой комисс болон төр засгийн гаргаж байгаа шийдвэрүүд нь өөрсдөө жинхнээсээ “пандемик” болсон. Яг үнэндээ “Сонгдо сөрөг, Урааааа” гэх зурагт постууд сошиал хуудсанд хийхээс өөрөөр Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам ажиллаагүй гэдгийг анхын тохиолдол бүртгэгдсэн тэр өдрүүд харуулсан. Цар тахлаар бүртгээд бүтэн жил тойрсон байхад ямар ч бэлтгэлгүй байсан УОК-ийн хамгийн эхний шийдвэрүүд иргэдийг хөл хорионд оруулах байлаа. Зөвхөн оны эхний хагаст гэхэд л Нийслэлд дөрвөн удаа хөл хорио тогтоож, нийтдээ 53 хоногийг хатуу хөл хорионд өнгөрүүлсэн байдаг юм. Энэ хэрээр эдийн засаг хумигдаж, иргэдийн амьжиргаа сульдаж байлаа. Хамгийн харамсалтай нь хөл хорионы энэ өдрүүдэд эмнэлгийн тусламж ч авч чадалгүй олон Монгол амь үрэгдэж байлаа. 22-ын товчоон дээр хоригдсон эмэгтэй, хорвоод ирээд аравхан жил амьдарсан Сэлэнгийн охин гээд хөл хорионы хохирогчдын нэрс хүйтэн гантиг дээр сийлэгдсэн... Хатуу хөл хорио тогтоосон энэ 53 хоногийн хамгийн эмгэнэлт өдрүүдэд эмнэлгийн тусламж авч чадаагүй эдгээр амь тасран одсон билээ.

Хөл хорио зөвхөн нийслэлд ч тогтоогоогүй. 18 аймгийн 176 суманд хөл хорио тогтоож орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байсан билээ.

 

2.ТЭР ЯВЖ, ТЭР ИРЭВ

Идэр дөрвөн ес ид тачигнаж байсан 2021 оны нэгдүгээр сарын 19. Дөнгөж нярайлсан эхийг коронавирусын халдвар авсан хэмээн нэгдүгээр төрөхөөс ХөСҮТ рүү тусгаарлахаар зөөхдөө гэрийн шаахайтай, хүйтэн машинд суулгах гэж буй үйл явдал “Ийгл”  телевизийн зураглаачийн дуранд бууж оройн мэдээний хөтөлбөрөөр гарсан нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хамгийн том шалтгаан болсон юм. Коронавирусын халдвар эрчтэй тархаж, хөл хорио тогтоон, тэр хэрээр эдийн засаг хумигдаж байсан нь иргэдийн бухимдлыг ихээр хүргэж байсан энэ үед ийм “харгис” үйл явдал цэнхэр дэлгэцээр олны сонорт хүрснээр Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн юм. Бүтэн өдөржин үргэлжилсэн жагсаалын эцэст Эрүүл мэндийн сайд, Шадар сайд нар огцрох өргөдлөө өгөх чимээ саарал ордноос дуулдсан. Харин маргааш нь буюу нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Байж болшгүй алдаанаас болж миний танхимын хоёр сайд огцрох өргөдлөө өглөө. Би цэргийн хүн. Дайны гал шугамд мөр зэрэгцэн тулалдаж ялалтыг хамт тэмдэглэж, ялагдлыг бас л хамт үүрэлцдэг нь цэрэг хүний хувь тавилан” хэмээгээд огцорч буйгаа мэдэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заасан байдгийн дагуу ийн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Огцорч буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үеийн Ерөнхийлөгчид хандан “Миний итгэн найдаж, хамтран ажиллаж байсан Ерөнхийлөгч ард түмнийг үймээнд турхирлаа. Тиймээс төрийн институци хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх, үүнээс улбаалан олон нийтийг хамарсан үймээн болох вий хэмээн болгоомжлон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна” хэмээж байв. Ийн мэдэгдээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ зургаа хоногийн дараа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдов. “Тэр” их улс төрөөс чөлөө авч, “Тэр” их улс төрийн тэргүүн эгнээнд ингэж гарч ирлээ.

 

3.ЧИНГИСИЙН МОНГОЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ЗУЛ БОЛОВ

Хэдхэн хоногийн өмнө эсэргүүцлийн цуглаан болоогүй мэт Чингисийн талбай дуу хуураар бялхсан 2021 оны хоёрдугаар сарын 8. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар төрийн өндөр дээд одон медалиар шагнуулсан ойр дотныхноо угтахаар ирсэн  иргэдийн жаргал дүүрэн инээд хөөрөөр энэ өдөр Чингисийн талбай цалгиж байлаа. Дуу хуур, өнгө алагласан цэцэгс. Шагнал бүрээр гардгийн дагуу хүчний байгууллагынхан ч талбайн эргэн тойронд хүч нэмэгдүүлэн ирсэн налгар шар өдөр...Гэтэл... Өөр дээрээ бензин асган Чингисийн хөшөөг зүглэн гүйж ирсэн залуу хормын зуур үнс болон үлдэв. Хэдхэн секундэд 34-хөн настай тэр залуу ингэж үнс болон үлдсэн харамсалтай хэрэг уг нь нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч байгааг, хийж хэрэгжүүлж байгаа бодлого нь болохгүй байгааг шийдвэр гаргагчдад ойлгуулах зул болох ёстой байв. Харамсалтай нь, төр засгийнханд “зул” болох нь бүү хэл талийгаачийн хувийн мэдээллийг цагдаагийнхан ёс бусаар нийтэд мэдээлсэн билээ.

 

4.МУУ БАЙХЫН САЙН ТАЛ-СОНГОЛТТОЙ ВАКЦИНЖУУЛАЛТ

БНЭУ-ын Засгийн газрын “АстраЗенека” компанийн “Covishield” вакцины 150 мянган тунг, хоёрдугаар сарын 22-нд БНХАУ-ын “Синофарм”-ын “Verocell” вакцины 300 мянган тунг Монгол Улс хүлээн авснаар коронавирусын эсрэг вакцинжуулалтаа эхэлсэн. Дархлаажуулалтыг эхэлснээс хойш ОХУ-ын Спутник V вакциныг захиалгаар авч, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакциныг Япон улс буцалтгүй тусламжаар өгсөн. Ингээд дөрвөн сар гаруйн хугацаанд насанд хүрсэн иргэдээ хоёр тунгаар дархлаажуулсан үзүүлэлтээрээ манай улс нэлээд дээгүүрт орж байсан. Зургадугаар сарын 16-наас 16-17 настай хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг, зургадугаар сарын 28-наас 12-15 насны хүүхдүүдийг хамруулж эхэлсэн. Харин наймдугаар сараас вакцины бүүстер тунг сонголттойгоор хийж эхэлсэн билээ. Ингэснээр манай улсын хүн амын 69.7 хувь нь коронавирусын эсрэг вакцины нэгдүгээр тунд, 66.5 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа бол насанд хүрсэн иргэдийн 45 хувь нь бүүстер тунд хамрагдаад байгаа юм. КОВАКС хөтөлбөр, БНЭУ, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар манай улсын иргэд сонголттойгоор вакцинжуулалтад хамрагдах боломж ингэж нээгдсэн ч зорилтот бүлгийн иргэдийн оролцоо хангалттай сайн биш байгаа юм.

 

5. ГАЗАР ШИЛГЭЭХ ЧИМЭЭ

Монгол Улсад 2021 он гарсаар газар хөдлөлт түүхэндээ байгаагүй олон бүртгэгдэв. Аз болох эрдэнэт хүний амь, эд хөрөнгийн онц ноцтой хохирол учраагүй юм. Энэ оны хувьд нэгдүгээр сарын 12-нд болсон эхний газар хөдлөлтөөс хойш 80 мянга гаруй бүртгэгдсэн байна. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 200 гаруй удаа болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Хүнд мэдрэгдсэн газар хөдлөл 14 юм. Хөвсгөл аймгийн Ханх суманд хамгийн газар хөдлөлт хамгийн олон мэдрэгдсэн бол Архангай аймгийн Хангай суманд болсон 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь малчдад тэнгэр дуугарах мэт таван удаа дуугарч мэдрэгдсэн байна.

 

6. ЭГДҮҮЦЭЛ ДАГУУЛСАН ДАБЛЬ СТАНДАРТ

Цар тахалд амиа алдсан манай улсын иргэдийн олонхи нь өндөр настай, хууч өвчтэй хүмүүс байсан. Улаан бүсэд орсон олон аав ээж үрсээ ч үнсэх эрхгүйгээр, үрсдээ ч үнсүүлэх хувьгүйгээр хорвоог орхисон. Улаан бүс рүү нэг л орсон бол эдгэртэл нь ар гэрийнхнээс нь авах эргэлтийг хүртэл хязгаарлаж байсан. Цар тахал учраас энэ хатуу шийдвэрийг зөрчих эрх уг нь хэнд ч байх ёсгүй юм. Харамсалтай нь, Улсын онцгой комиссын энэ хатуу шийдвэр Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэрт үйлчлээгүй билээ. Түүний эхнэрийн аав, ээж халдвар аван ХөСҮТ-ийн улаан бүст хэвтсэн, хэвтсэн өдөр нь түүний гэргий улаан бүс рүү нэвтрээд гарсан гэдэг баримт гуравдугаар сарын 29-нд гарч ирснээр Улаан бүст үйлчилж байгаа дабль стандарт ил болсон билээ. Уг нь улаан бүс рүү орсон хэн бугай ч гарч ирснээсээ хойш 14 хоног тусгаарлагдах УОК-ийн гаргасан журам тэр үед үйлчилж байлаа. Иргэд ч түүнийг нь яг таг биелүүлэхийг хичээдэг байлаа. Гэтэл Улсын онцгой комиссын энэ шийдвэр Улсын онцгой комиссын даргын эхнэрт үйлчилдэггүй гэдэг нь 14 хоногийн тусгаарлалтаас болоод аавтайгаа, ээжтэйгээ сүүлчийн удаа уулзаж чадаагүй олон үрсийн зүрхийг зүссэн юм. УОК-ын даргын гэргийн эл үйлдэл “дарга нарт зориулсан дабль стандарт”-ын хамгийн тод жишээ болж байна.

 

7. АН АЛБАН ЁСООР ХОЁР ХУВААГДАВ

Хоёр дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын эсрэг хамгийн хүчтэй сөрөг хүчин байх нийгмийн захиалгатай АН-ын хуваагдал дээд цэгтээ хүрч Дээд шүүхийн өмнө очих дээрээ тулсан дөрөвдүгээр сар. АН-ын даргын сунгаа зарлагдаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулснаас хэдхэн хоногийн дараа өмнөх дарга С.Эрдэнийн талынхан мөн л сунгаа зарлаж М.Тулгатыг намын дарга хэмээн зарлав. Ингэснээр олон намын тогтолцоот, парламентын засаглалыг сонгосноос хойш МАН-тай ээлжлэн, заримдаа хамтран төр барилцсан АН албан ёсоор хоёр хуваагдав. Хоёр даргатай, хоёр тамгатай болсон АН-ынханд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвших, ялах нь туйлын зорилго биш болоод зөвхөн хэний талын АН-ын тамга “Жинхэнэ” эсэхийг хүлээн зөвшөөрүүлэхээр уралдаж эхлэв. Сөрөг хүчин байх нийгмийн захиалгыг умартсан тэд дотоод тэмцлээ дийлэхээ болин Дээд шүүхийн хаалгыг татав. Дөрөвдүгээр сараас эхэлсэн энэ тэмцэл нь энэ сарыг хүртэл үргэлжилсэн бөгөөд О.Цогтгэрэл, М.Тулгат гэсэн хоёр тамгатай дарга нь учраа арайхийн ололцоод Дээд шүүхэд хандтал өмнөх дарга С.Эрдэнэ дахиад л зарга үүсгэв.

 

8.КОРОНАВИРУСЫГ ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ МОНГОЛ ЭРДЭМТЭД БҮТЭЭВ

Гуравдугаар сарын 26-нд АШУҮИС-ийн эрдэмтэд нэгэн таатай мэдээ дуулгасан нь шүлснээс Ковид-19 халдварыг илрүүлэх шинэ үйлдвэрлэх зөвшөөрлийг ЭМЯ-наас авсан тухай байлаа. Монгол эрдэмтдийн бүтээсэн уг оншолуур нь коронавирусыг илрүүлэхэд томоохон ахиц авчирсан билээ. Тухайлбал, хугацааны хувьд богино, зардал нь харьцангуй бага зэрэг олон давуу талтай юм. Олон улсад хамгийн өндөр мэдрэг чанартай оношлуур тухайн сорьц дахь вирусын тоо 100 байхад халдварыг илрүүлэх чадвартай байгаа. Харин монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур вирусын тоо 50-100 байхад илрүүлж чадсанаараа мэдрэг чадвар маш өндөр хэмээн үнэлэгдсэн юм.

 

9. МАН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙН БЭЛЭГ НЬ МАХН БОЛОВ

100 жилийн ой нь энэ онд тохиож байгаа Монголын ууган улс төрийн нам болох МАН-ынхан дөрөвдүгээр сарын 29-нд нэгэн гэрээнд гарын үсэг зурсан нь МАХН-тай нэгдэх тухай байлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгат нарын энэ өдөр зурсан гэрээ нь удахгүй биелж, МАН, МАХН хоёр нам нэгдсэн билээ. Ингэснээр нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр хүүгээ МАН-ын нэр дээр “сойж” УИХ-ын гишүүн болгож чадсан. Улмаар Удирдах зөвлөлд МАХН-ын гаралтай долоон гишүүнээ оруулсан билээ. Гэхдээ энэ нэгдлийн хамгийн том хожигч нь МАН байв. Нэг нэр дэвшигчийн эрх, нэлээд хэдэн Удирдах зөвлөлийн гишүүний суудлаар бүхэл бүтэн институцыг өөртөө нэгтгэсэн уран нүүдэл МАН-ын 100 жилийн ойдоо барьсан бэлэг нь байлаа. МАН, МАХН-тай эргэн нэгдэж буйгаа зарлах үеэрээ “Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг бүрдүүлэх,  Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нийлж нэг болгохыг зорьж байгаа гэдгээ дуулгасан билээ.

 

10.  ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭН ОГЦОРСОН ЕРӨНХИЙ САЙД “ХААН” БОЛОН ЭРГЭН ИРЭВ

Зургадугаар сарын 11. Ердөө дөрвөн сар гаруйн өмнө хариуцлага хүлээн огцорч байсан Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх наймдахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин ялалт байгуулав. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилийн хугацаатай сонгогдож байгаа анхны Ерөнхийлөгч болж буй У.Хүрэлсүх сонгуульд оролцсон иргэдийн 67.9 хувь буюу 829.128 хүний санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Энэ удаагийн сонгуульд хараахан нэгдэж амжаагүй, гэрээ хэлцлээ хийж байсан МАХН МАН-тай нэгдэн оролцсон юм. Монгол Улсыг гадаадад төлөөлөх бүрэн эрхийг Үндсэн хуулиар эдэлдэг Ерөнхийлөгчийг гадаад бодлогоо хэрхэн явуулах нь вэ гэдэг нь олны анхаарлын төвд байсан. Хамгийн анхны албан ёсны айлчлалаа ОХУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөсөө хойш Владивостокийн эдийн засгийн чуулгад цахимаар оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. Энэ уулзалт дээр “Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ хангахын зэрэгцээ экспортлогч орон болохыг зорино” гэдэг амбийцаа илэрхийлсэн. Дараа нь НҮБ-ийн индэр дээрээс “Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлнэ” гэсэн амлалт өгсөн. Энэ амлалтаа нотлон ИБУИНХУ-ын Глазгоу хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дулхийн удирдагчдын дээд түвшний уулзалт дээр “Монгол Улс хүлэмжийн хийг багасгахад Хариуцлагатай Монгол” байх болно гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхнээс харахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зургаан жил ажиллах У.Хүрэлсүхийн гадаад бодлого итгэл найдвар төрүүлэхүйц байгаа юм.

 

11.  МИАТ-ИЙН ОНГОЦ ХӨШИГИЙН ХӨНДИЙГӨӨС ХӨӨРӨВ

1992 оноос яригдаж эхэлсэн, 15 жилийн өмнөөс төлөвлөлтийг нь эхлүүлсэн Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын Иргэний Агаарын Тээврийн ОМ 501 аяллын дугаартай БОИНГ 737-800 агаарын хөлөг долдугаар сарын 4-нд анхны нислэгээ Япон Улсын Токиог хотын Нарита чиглэлд хийлээ. Энэ олон улсын нисэх онгоцны буудал нь Монгол Улс-Япон Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг бөгөөд  Жилд гурван сая зорчигч хүлээн авах чадал бүхий зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох перрон талбай, 43 метр нислэгийн хөдөлгөөний барилга, 8 мянган тонн багтаамжтай шатахууны агуулах, жилд 11900 тонн карго ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай карго терминал, олон улсын С9 зэрэглэлтэй аврах гал унтраах барилга бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд, хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх ариутгах татуурга ус цэвэршүүлэх байгуулмж бүхий үндсэн 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн олон улсын стандартын нисэх буудал юм.

 

12.”NO NAADAM” ХӨДӨЛГӨӨНИЙХӨН

Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиосон ч “No naadam” хөдөлгөөнийхөний төв талбайд жагсаал хийж, тэдний хүчтэй тэмцэлийн дүнд монгол төрийн наадам түүхэндээ анх удаа өнжив. Улмаар бөхчүүд, уяачид, сурчид наадмын бэлтгэлээсээ буусан юм. Засгийн газрын зүгээс наадамд зохион байгуулах шийдвэрийг дэмжсэн юм. Гэвч наадам болохоос 10 гаруйхан хоногийн өмнө шийдвэрээ цуцалсанд бөхчүүд, уяач, сурчид болон зарим иргэдийн дунд үл ойлголцол үүсэх шалтгаан болсон. Монголчууд “Ковидгүй зун” үзэж чадаагүй ч наадамгүй зуныг ингэж үзлээ. Төрийн наадмаа зохион байгуулж чадаагүй тул “Үндэсний бөх, үнэт өв” нэртэй барилдаанаа наадмын дайтай зохион байгуулсан юм. Энэ барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн. Төрийн тэргүүнгүй, есөн хөл цагаан туггүй барилдаан болсон тул тэдэнд цол олгохгүй нь ойлгомжтой.

 

13.ЭВ НЭГДЛИЙН ОЛИМПЫН АРВАН ТӨРӨЛД ОРОЛЦОВ

Хүн төрөлхтөн эв нэгдлийн бэлгэдэл дөрвөн жил тутам болдог зуны олимпын наадмаа энэ жил нөхөж хийв. Зуны 32 дахь олимп нэг жилээр хойшилж 2021 онд зохиогдов. Энэ нь олимп хойшилсон анхны тохиолдол болсон юм. Олимпод 205 улсын нийт 11 мянга гаруй тамирчин оролцсон бол манай улсаас  арван төрөлд 43 тамирчин оролцсон нь дээд амжилт боллоо. Мөн анх удаа эмэгтэй тамирчин Монголын багийн тугийг залсан, эмэгтэй шүүгч олимпод оролцсон гээд манай улс энэ удаагийн олимпын наадмыг онцлог амжилтаар үдлээ. Жүдочид 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, түүхэндээ хамгийн олон буюу гурван медаль хүртсэн юм. Тэд олимпоос медаль авсан тоогоороо улсдаа анх удаа тэргүүлж эхлэв. “Токио-2020”-гоос Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл авч, 205 opнooc 69-д бичигдсэн нь муугүй амжилт. Энэ амжилт нь 53 жилийн өмнөх “Мехики-1968” олимпын амжилттай зэрэгцэж байгаа юм.

 

14.СААРАЛ УС АШИГЛАЖ ЖИЛДЭЭ ДӨРВӨН БУЙР НУУРТАЙ ТЭНЦЭХ УС ХЭМНЭНЭ

Улаанбаатар хотын иргэдийн ирээдүйд хийж байгаа нэгэн том төслийг энэ наймдугаар сарын 20-нд эхлүүллээ. Энэ нь АНУ-ын Мянганы сорилтын сангийн манай улсад хэрэгжүүлэ байгаа хоёр дахь компакт гэрээний хүрээнд барьж байгуулах ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүлсэн нь байв. Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомсдолд орж болзошгүй гэсэн судалгаа байгаа энэ үед ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж эхэлж байгаа нь нүдээ олсон бүтээн байгуулалт болж байна. Хоёр дахь удаагийн компакт гэрээ нь нийт 350 сая долларын өртөгтэй бөгөөд Сонгинохайрхан уулын бэлд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь 93 сая долларын өртөгтэй. 2024 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн энэ үйлдвэр ашиглалтад орсноор Биокомбинат, Шувуун фабрик орчимд 30 гүний худаг гаргаж, жилд 50 сая хүртэл шоо метр ус татан авч нийслэлчүүдэд нийлүүлэх юм. Компакт гэрээний хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжтай уялдуулан барьж 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ үйлдвэр Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэмцэх хэмжээний усыг хэмнэх боломжтой болж байгаа юм.

 

15. ХУУЛЬГҮЙ ХАЛУУРАЛ-КОЙН

Энэ оны байдлаар олон улсын биржид идэвхтэй 7000 орчим, идэвхгүй 7000 орчим койн токен байна гэсэн зах зээлийн судалгаа гарчээ. Манай улсад ч мөн адил оны төгсгөлд койны арилжаа газар авсаар байна. Жишээлбэл одоогийн байдлаар ARDX, IHC, TRD, CHB, ZESC, SPC, MNFT, CRX, URG, WPL зэрэг Монгол койнууд идэвхтэй арилжаа хийгдэж байгаагаас гадна банк бус санхүүгийн байгууллагууд өөрсдийн койныг гаргаж үүнийг дагаад худалдан авагчийн тоо ч өссөөр байгаа юм. Харин зарим судлаачдын үзэж байгаагаар криптовалют нь бодит мөнгө эсвэл төлбөрийн хэрэгсэл биш тул эрсдэлээ тооцоолж ихээр хөрөнгө оруулахгүй байхыг сануулсаар. Учир нь ханшийн хэлбэлзэл тогтворгүй байдгаас шалтгаалж мөнгөө алдах, мөнгө угаалтын хохирогч болох эрсдэлтэй тул хянамгай байхыг анхааруулаад байна.

 

16.МОНГОЛЫН АНХНЫ СПОРТЫН ТӨВ ОРДОН БОЛОХ “МӨСӨН ӨРГӨӨ” НЭЭЛТЭЭ ХИЙВ

Цар тахлын хоёр жилд хийгдсэн том бүтээн байгуулалтын нэг нь Мөсөн өргөө юм. Монголын анхны битүү дээвэртэй энэхүү Мөсөн ордон нь 2600 хүний суудалтай, олон улсын олимпын хорооны стандартыг хангасан бүтээн байгууулалт.  Тус өргөө нь Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтжээ. Мөн олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган ам метр талбайтай бөгөөд 15 сая ам.долларын өртгөөр баригджээ. Мөн төслийн удирдагчид мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно.

   

 17. “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭХЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс “Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаа” гэдгээ зарласан. НҮБ-ын хуралд оролцож ирээд аравдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Манай улсын газар нутгийн 76.9 хувь нь цөлжилттэй, үүний 30 орчим хувь нь цөлжилтэд хүчтэй нэрвэгдсэн гэсэн судалгаа гарсан энэ үед Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн олны талархлыг хүлээгээд байна. Энэ ажлын хүрээнд үндэсний болон дипломат төлөөлөгчийн газрууд, ААН гээд 320 орчим байгууллага нэгджээ. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод үржүүлгийн газар буюу талбайд бэлтгэсэн тарьцаар мод тарих бөгөөд ингэснээр Монгол Улс өөрийн гэсэн модны үрийн фондтой болох боломжтой.

 

18. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН 60 ЖИЛ

1961 оны аравдугаар сарын 27. Улс орнууд түүх соёл, зан заншил, улс төр-эдийн засгийн тогтолцоо, хөгжлийн түвшин ялгаатай ч хүн төрөлхтөн бол нэгэн айл гэдгийг илтгэдэг НҮБ-д Монгол Улс гишүүнээр элссэн түүхэн өдөр. Том жижиг, хөгжингүй, хөгжиж буй, хөгжил буурай гэлтгүй бүх улс тэгш эрх, ижил оролцоотрй байх суурь зарчим дээр үндэслэн 1945 онд байгуулагдсан НҮБ-д манай улс 1946 онд элсэх өргөдлөө өгсөн байдаг юм. Харамсалтай нь тухайн үеийн капатилист болон социалист үзэл суртлын үл ойлголцол манай улсыг 15 жилийн турш НҮБ-ын гишүүнээр элсэхэд саад болж байжээ.  Анх өргөдлөө өгсөн 1946 оноос хойш элсэх хүртэл нь нийтдээ 13 удаа манай улсын өргөдлийг ямар нэгэн байдлаар авч хэлэлцсэн байдаг. Харин 1961 онд Гадаад явдлын орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй дипломатчдын оролцсон хурал дээр БНМАУ-ыг НҮБ-ын 101 дэх гишүүн орноор элсүүлсэн байдаг юм. 2021 онд Монгол Улсын НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо бусад улсуудаар зөвшөөрүүлсний 60 жилийн ой тохиож байна.

 

19. ХӨШӨӨ, ХӨШӨӨ БАС ДАХИАД ХӨШӨӨ

Энэ оны хамгийн их хэл ам дагуулж байгаа “өргөмжлөл”-ийг элдэв хөшөөнүүд авахаар байна. Хэнтий аймгийн Батноров сумын нутагт баригдаж байсан “Андлалын өргөө” хэмээх хөшөө анх шав тавихаасаа л хэл ам дагуулж эхэлсэн. Төсөв мөнгө нь их, хэлбэр дүрс нь муухай гээд энэ хөшөөг тойрсон мэдээ мэдээллүүдийн дийлэнх нь сөрөг байв. Гэсэн ч нэг л өдөр улсын төсвөөр барьж байсан уг хөшөөг нураасан. Зохиогчийн эрхийн маргаан гэсэн ганц өгүүлбэрээр шалтаг хийн нураасан уг хөшөөг барихад гарсан зардал мөнгийг улсын төсөвд буцаан шилжүүлсэн гэдэг боловч энэ нь яг таг нотлогдож, дүн тооцоо нь тохирсон эсэх нь эргэлзээтэй. Харин удалгүй энэ хөшөөний суурин дээр “Тэнгэрийн андлал” хэмээх хөшөө сүндэрлэсэн нь барималч А.Очирболдын бүтээл байв. Хоёрхон сарын дотор хуучин хөшөөний буурин дээр боссон уг хөшөөг энэ удаа улсын төсвөөр биш, хандиваар босгосон гэсэн тайлбар өгч байгаа. Боссон даруйдаа анхаарлыг төвд очиж, бас л хэл амны бай болж байсан “Тэнгэрийн андлал” харин Тасганы овоон дээр баригдах Богд Зонховагийн хөшөөний “сүрд” дарагдсан. Соёлын сайдын багцад 32 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр тавигдсан Богд Зонховагийн хөшөөт цогцолбороор энэ оны “Хөшөө хөшөө бас дахин хөшөө” цуврал үргэлжилж байна.

 

20. МОНГОЛЫН ХӨРСӨНД ЦАГААН БУДАА НУТАГШИВ

Монгол орны хөрсөнд анх удаа цагаан будаа нутагшуулж, хоёр га газар тутарга тариалснаа GIMEX ХХК энэ жил амжилттай хураан авсныг арваннэгдүгээр сарын 16-нд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн.Тус компанийн хамт олон Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2017 оноос цагаан будаа, гурвалжин будааг тариалах туршилт хийж эхэлсэн бөгөөд энэ жил анх удаа хоёр га талбайгаас 10 тонн цагаан будааны ургац хураан авчээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ийнхүү амжилттайгаар хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хураан авсан цагаан будааг “Хөсөг” нэрээр хэрэглэгчдэд хүргэхээр болсон билээ.

   

21. ЧӨЛӨӨЛӨГДСӨН ШАТАХУУН

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Роснефть компани манай улсад нийлүүлэх байсан шатахууны захиалгыг 70 хувь бууруулснаар шатахууны хомстол үүсэв. Улмаар ШТС-уудын гадна уртаас урт дараалал үүсч шатахууны үнэ огцом нэмэгдэхэд хүрээд байв. Харин шатахуун импортлогчийн зүгээс өгсөн шатахууны үнэ чөлөөлөх хүсэлтийн дагуу арван нэгдүгээр сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөв. Ингэснээр өнгөрсөн зургаан сарын зах зээлийн ханшийн дунджаар үнийг тогтоож, үнийн өсөлтийг нэг удаа 100 төгрөгөөс хэтрэхгүй байх боломж бүрдсэн юм. Харин шатахууны үнийн хувьд 2020 оны нэгдүгээр сард АИ92 шатахуун 1400 төгрөгөөр худалдаалж байсан бол энэ сарын байдлаар 59 хувь нэмэгдэж 2220 болсон байна.

 

22. ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛТЭЙ 800 ЗААЛТ ХУУЛЬД БАЙГААГ ЗАРЛАВ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Их хурлаа угтан хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ нэгэн мэдээллийг задалсан нь Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын 800 орчим заалт хүний эрхийг ямар нэгэн хэмжээгээр зөрчиж байгаа тухай байлаа. Эрх барьж байгаа МАН-ын хувьд хүний эрхийн зөрчлүүдийг багасгах, арилгахын тулд боломжит бүх арга хэмжээг авахаа илэрхийлсэн нь оны онцлох үйл явдал яах аргагүй мөн байлаа. Өнгөрсөн нэг жилийн ухгацаанд МАН стратегийн судалгааны хүрээлэнгээрээ дамжуулан хуульчдаар баг бүрдүүлэн Монголд Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын 11900 заалт тус бүрт хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг судалжээ. Ингэснээр эдгээр хуульд хүний эрхийг зөрчсөн  800 орчим заалт байгааг тогтоосон байна. Эрх барьж байгаа хүчний хувьд эдгээр заалтуудыг хүний эрхэд нийцүүлэхийн төлөө шат дараатай арга хэмжээ авч эхэлнэ гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн билээ.

 

23. ХИЛ ХААГДАЖ, ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭВ

Энэ жил эдийн засаг агшсан жил байлаа. Оны эхэн үеийн хөл хориотой өдрүүд микро эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан бол оны төгсгөлөөр Эрээний хил хаагдсан нь Монгол Улсын макро эдийн засгийг тэр чигт нь донсолгов. Эрээний хил хаагдсанаас болж үнийн хөөсрөл үүсч, барааны хомсдол нүүрлэв. Хоёрхон хөрштэй, далайд гарцгүй улсын зовлон дээр үйлдвэрлэгч бус улсынхаа тавиланг улсаараа бид үүрэв.

 

24. “РИО ТИНТО” ЗАХИДАЛ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн төслийн өгөөжийг монголчууд хүртэх боломжийг бүрдүүлж чадлаа. Ажлын хэсгийн гаргасан саналыг “Рио Тинто” хүлээж авснаар Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр болж, захидал ирүүлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 13-нд мэдэгдлээ. “Рио Тинто”-гийн захидалд,

Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулах юм. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн үг юм. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг захидал илгээсэн өдрөөр дуусгавар болгож байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд Засгийн газар өөрөө хөндлөнгийн аудит оруулах, тэрхүү дүгнэлтээр Монголын газар нутаг дээр зарцуулаагүй нөхцөл байдал үүсэх юм бол хариуцаж төлөхөд бэлэн байна. Гүний уурхайн ашиглалтад оролгүй удсан. 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна. Оюутолгой компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчээ хангах гэрээ байгуулах, байгаль орчны салбарт хамтран ажиллах гэсэн байв.

 

Д.Батчулуун 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
    7 мин
  • Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    15 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    20 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өсжээ
    30 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    35 мин
  • Сайн дураараа амьдралаа ДУУСГАХ үйлчилгээ
    40 мин
  • "Мазаалайтай номын баяр"-ын тухай таны мэдэх ёстой БҮХ зүйл
    40 мин
  • Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна
    41 мин
  • PGL Astana 2025: "The MongolZ" баг "NAVI"-г хожиж, 3-0 харьцаатайгаар плей-оффт шалгарлаа
    42 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, ялимгүй цас орно
    53 мин
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    15 цаг 55 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    16 цаг 28 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    16 цаг 31 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    16 цаг 45 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    17 цаг 40 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    17 цаг 41 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    18 цаг 47 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    20 цаг 24 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    20 цаг 59 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    21 цаг 17 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК