Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад З.Мягмардорж, жолооч, ахлах ахлагч Ц.Төгсбаатар нар энэ сарын 6-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа Төв аймгийн Баян сумын чиглэлд явж байхдаа авто замын осолтой таарчээ. Тэднийг ослын газар очиход "Prius-20" маркийн хоёр авто машин мөргөлдөн, замын хажууруу орсон байжээ. Тухайн авто машинд 2-6 насны гурван хүүхэд, насанд хүрсэн гурван иргэн зорчиж явсан бөгөөд харамсалтай нь нэг иргэн газар дээрээ амь насаа алдсан байжээ. Алба хаагчид иргэдийг тээврийн хэрэгслээс шуурхай татан гаргаж бэртэж, гэмтсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн юм байна. Мөн эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад шуурхай дуудлага өгч, эрдэнэт хүний амь насыг аварчээ.