
Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Н.Золжаргал шинэ ерөнхийлөгчийн хуваарь инфляцийг бууруулах зоригтой амлалт өгч байна. Тэрбээр анх энэ албан тушаалд томилогдохдоо инфляци болон зээлийн хүүг зэрэг бууруулах боломжтой гэж мэдэгдэж байсан. Тэгвэл үүнийгээ баталж өнөөдөр 15,6 хувьтай байгаа инфляцийг жилийн дотор 8 хувьтай болгоно гэдгээ зоригтой амлаж байна. Үнийн хөөрөгдлийг нэг бол шатахуун эсвэл долларын ханштай холбон тайлбарлаад өнгөрдөг байсан бол энэ удаа Засгийн газартай хамтран 8 хувьтай болгох боломжтой гэлээ. Өнөөдөр 15,6 хувьд хүрсэн инфляци дундаж болон доогуур амьдралтай иргэдэд хүндээр нөлөөлөөд байгаа билээ. Монгол банкны судалгаагаар энэ хэмжээний өсөлт бага орлогтой иргэдийн амьдралд 80 хувь, дундаж орлоготой иргэдэд 50 хувийн үнийн дарамт болж байна. Эдийн засгийн өсөлт хурдацтай байна хэмээн сайрхаж байгаа ч иргэдийн амьдрал дээрдэхгүй байгаагийн шалтгаан нь инфляци юм. Өмнө нь хэн ч инфляцийг яг тэдэн хувьд хүргэнэ гэсэн амлалтыг өгч байгаагүй юм. Хүргэн хүү хүчтэй гэдэг шиг шинэ Монгол банкны ерөнхийлөгчийн амлалт биелэхийг харцгаая. Биелвэл иргэдийн нуруун дээрх ачаа бага ч гэсэн сулрах юмсан.