Дархлаажуулалтын нэмэлт дөрөвдүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд уриалсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөвдүгээр тунд хамрагдсан иргэдийн тоо 2500-д хүрчээ. Бид Чингэлтэй дүүргийн 11 болон 13 дугаар хорооны ӨЭМТ-өөс дархлаажуулалтын хамрагдалтын явцыг сурвалжиллаа.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны ӨЭМТ-ийн вакцинатор П.Эрдэнэгэрэл: “Манай хорооны хувьд гуравдугаар тунд хамрагдалт 35 хувьтай явж байна. Он гарсаар иргэд нэмэлт тундаа идэвхитэй хамрагдах болсон. Өнөөдрийн байдлаар нэмэлт дөрөвдүгээр тунд 11 хүн хамрагдаад байна. Дархлаажуулалтад хамрагдахаар ирсэн иргэдэд гуравдугаар тун хийлгээд гурван сарын хугацаа болсон бол сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунд хамрагдах боломжтой, гуравдугаар тун хийлгээд өвдсөн иргэн 21 хоногийн дараа хамрагдаж болно гэсэн зааварчилгаа өгч байгаа. Мөн 2010 онд төрсөн 12 настай хүүхдүүд нэгдүгээр тунд хамрагдаж эхэлсэн” гэлээ.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны ӨЭМТ: “Гуравдугаар тунд хамрагдалт хорооны хэмжээнд 34 хувьтай, харин өнөөдөр дөрөвдүгээр тунд эхний хүн хамрагдлаа. Нэмэлт тунд файзер вакцин хийж байна, сонголтоор синофарм хийлгэх боломжтой. Иргэдийн насны хувьд 50-иас дээш наснынхан идэвхитэй хамрагдаж байна” гэлээ.
Иргэд та бүхэн өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт хандан ажлын өдрүүдэд 08:30-18 цаг, амралтын өдрүүдэд 10-18 цагийн хооронд хамрагдах боломжтой.
Т.Мөнхжаргал