Дүрслэх урлагийн академийн багш нар захирал н.Уранчимэгийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлэн БШУЯ-ны гадаа жагсаж байна.
Үндэсний урлагийн танхимын ахлах багш Б.Нямхүү: Манай сургууль 76 жилийн түүхтэй. Өнөөдрийн байдлаар 76 жилийн турш барьж ирсэн бодлогоо үндсэндээ алдаад байна. Тухайлбал, сургуулийн оюутнуудын дипломын ажлууд энд тэнд бэлэг болж очиж байна. Гэсэн ч мөнгө төгрөг нь сургуулийн дансанд ордоггүй. Үүнийг бид хардаж байгаа. Зарим багш нар баримтаа дэлгэсэн. Бид энэ талаар бараг 2 жилийн өмнөөс шаардлага тавьж эхэлсэн. Манай сургууль 20 гаруй багштайгаас 16 нь энэ талаар яаманд мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тоймтой авсан арга хэмжээ алга. Харин ч энэхүү шударга бус үйлдлийг илчилсэн багшийг ажлаас нь хална гэж дарамталж байна. н.Уранчимэг захирал 2013 оноос эхлэн Дүрслэх урлагийн академийн захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд сургалтын үйл ажиллагаа нэлээн доголдсон гэж үзэж байна.
Дүрслэх урлагийн академийн ахмад багш н.Лхагвасүрэн: Би энэ сургуульд 30 жил ажилласан. Өнөөдөр сургуулийнхаа хувь заяа, ирээдүйд санаа зовоод ирлээ. Энэ сургууль ёс зүйгүй, бохир байж болохгүй гэж бодож байна. Удирдагч хүн ямар байна тэр сургуулийн уур амьсгал тийм байдаг. Мөн миний нэг зургийг гурван жилийн өмнө авсан. Гэтэл одоо хүртэл байхгүй. Бид нарын бэлтгэсэн залуу багш нар энэ хүнээс болоод ажлаасаа гарсан. Залгамж халаа байхгүй болж байна. Ариун сургууль дээр ариун удирдагч байх ёстой гэж бодож байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)