Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
Н.Батаа Шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан
А/582 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулж байгаа шингэрүүлсэн хий, газрын тосны бүтээгдэхүүний агуулах,
худалдан борлуулах цэгүүдэд холбогдох хууль тогтоомж, стандарт, норм
дүрмийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний
талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулах зорилгоор шалгалт
хийсэн гэдгийг онцоллоо. Энэ удаагийн шалгалтыг 09 дүгээр сарын 24-нөөс
10 дугаар сарын 04-ний хооронд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний
хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын
газар, Газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар, Захирагчийн ажлын
албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн холбогдох хүмүүсийн
бүрэлдэхүүнтэйгээр явуулжээ. Шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 181 ШТС-аас 51-ийг хамруулжээ. Нийт найман аж ахуйн нэгжийн 51 ШТС-ын барилга байгууламжаас 22 ШТС-ын барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэж өгөлгүйгээр 1-11 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсныг тогтоожээ.
Энэ нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэснийг, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 “Зориулалтын бус барилга байгууламжид, мөн улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжид газрын тосны бүтээгдэхүүн хадгалахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. “Шунхлай” ХХК-ийн ШТС-21-ийн барилга байгууламж 14 дүгээр дунд сургуулийн эдэлбэр газартай залгаж баригдсан нь шингэн түлш хадгалах газар доорхи сантай ШТС-аас сургалт хүмүүжлийн барилга байгууламж...эдэлбэр газрын хил буюу орон сууц олон нийтийн барилга байгууламжийн хана хүртэл 50 метрээс багагүй зайтай байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэдгийг Ажлын хэсгийнхэн тогтоожээ. Дүнг сонсоод “Сод Монгол” компанийн хоёр ШТС-д газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж байгаа “Сод Монгол” компанийн хоёр ШТС-ыг татан буулгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар тогтлоо. Барилга байгууламжаа байнгын ашиглалтад өгөлгүйгээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж Барилгын тухай хууль зөрчсөн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй Байгаль орчинд нөлөөлөлх байдлын үнэлгээний тухай хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг ажлын 21 хоногт багтааж зөрчлүүдийг арилгуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагад үүрэг болголоо. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоох, ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх үүргийг холбогдох албаны хүмүүст өгөв.




















































Сэтгэгдэл (5)