Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2022 оны хоёрдугаар сард виртуал хөрөнгийн хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд манайд 12 крипто биржээр 37 койн арилжаалагдаж байна. Зах зээлийн зарчмаар үнэ ханшаа тогтоож явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж, шалгаж, хохироох эрх бидэнд байхгүй. Гэхдээ залилангийн шинжтэй буюу тухайн мөнгөө хувьдаа завшсан, мэдээллийг ашигласан хүмүүсийг шалгах эрх бий.
Бусад төрлийн хэргийг бодоход IT, санхүүгийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг учир бид алба хаагчдаа чадавхжуулж байна.
Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан гэх мэт.
- 2019 онд хэрэг бүртгэгдээгүй
- 2020 онд 9 хэрэг,
- 2021 онд 81,
- 2022 онд 370,
- 2023 онд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн. Эдгээрээс бусдад санал болгоод түүнээсээ хөрөнгө босгосон гэсэн дөрвөн хэрэг бүртгэгдсэн. 430 хэрэг нь залилах буюу нууц үгээ алдаад койноо алдсан гэх мэт хэргүүд багтаж байна.
Нарийн мэдээллийг гол зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй. Өнөөдөр гэхэд ХУД-ийн шүүхээр 25 иргэнийг залилаад 300 гаруй сая төгрөг авсан иргэн Б долоон жилийн ял авлаа. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютынхаа нууц үгээ алдан хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авсан ба тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)