Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шинжлэх Ухааны Академитай хамтран "Монгол Улс дахь эрүүгийн бодлого: эдүгээгийн байдал, шийдвэрлэвэл зохих асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Уг хэлэлцүүлгийн үеэр Академич С.Нарангэрэлтэй эрүүгийн хуулийн талаар цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Манай улс 600 гаруй хуулийг дагаж мөрдөж байна. Тэр хуулиуд дотроос Эрүүгийн хууль бол хамгийн хатуу чанга, хүний эрхийг хөнддөг хууль юм. Нөгөө талаараа, нийгэмд хамгийн их хор уршиг учруулж буй гэмт явдлуудыг тогтоон барих, нийгмийн амар амгалан, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн чухал хууль. 2015 онд уг хуулийг шинэчилсэн. 2017 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн. Зургаан жил өнгөрч байна. Өнөөдөр энэхүү эрдэм шинжилгээний хурлаар уг хуулийн хэрэгжилт ямар байгаа тухай хэлэлцэж байна.
800 гаруй шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, хуульч эрдэмтдийн дунд хийсэн судалгаагаар 80 гаруй хувь нь Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ удаад эрдэмтдийн баг хүчээр Эрүүгийн хуулийн эх, үзэл баримтлалыг боловсруулъя.
Эрүүгийн хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, зөрчлийн хуулиудыг бүхэлд нь шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүлж байна.
Өмнөх хуулиудыг боловсруулахад гадаадын хууль, шүүхийн жишгийн үндэс болгодог хуулиудаас хуулбар хийсэн. Гэтэл манай улсын эрхзүйн тогтолцоо бол Германы бичмэл хуулийг дээдэлдэг. Шүүхийн жишгийг бол ач холбогдол өгдөггүй ийм хууль байсныг өөрчилье. Үүнээс болоод хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсдэг. Тухайлбал, ялимгүй жижиг хэрэгт хүнийг шоронд суулгачихдаг.
Ялангуяа өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн Монгол Улсын иргэд хэд нь шоронд сууж тарчилж байгааг та бид мэднэ. Гэтэл өнөөдөр нийгэмд өчнөөн хор уршиг учруулсан хэрэгтнүүд ял гэмгүй явж байна шүү дээ.
Тэгэхээр энэ бүхэн бол эрүүгийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатайг харуулж байна. Прокурорууд хоёр сая гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьж байна. Уг нь тэд зөрчлийн хэргийг хянах биш эрүүгийн тоон хэрэгтэй тэмцэх хэрэгтэй. Энэ асуудал руу Монгол Улс хүч, нөөц боломжоо дайчлах шаардлагатай болчхоод байна" гэв.
Д.Батчулуун