Кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн наймдугаар сард батлан даалтад гаргасан. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газарт шалгаж байсан ч нэмэлт тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан байна. Г.Бадамрагчааг ТЕГ-ын хэвлэлийн албанаас “ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл ангиар Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг шалгаж эхэлсэн. Энэхүү хэрэг, хуулийн хүрээнд, прокурорын хяналтад шалгагдаж байгаагийн зэрэгцээ уран бүтээлтэй нь холбогдуулж, эсвэл улс төрийн бусад шалтгаанаар баривчилсан гэх яриа үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан учир хэрэг үүсгэн, болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч Г.Бадамрагчааг баривчилсан юм. Баривчилгааны үеийн ажиллагаа мөн мөрдөн байцаалтын явц хуулийн хүрээнд явагдаж байцаалт болгонд өмгөөлөгч нь оролцож байгааг энд дурдах нь зүйтэй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын хэрэг нь зохион байгуулалттай бүлэг гэдэг утгаараа ноцтой хэрэг гэдгийг онцлон тэмдэглэж байв” хэмээн мэдээлсэн.
Б.Чимэг

















































