Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо 2023 оны есдүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 28 дугаар чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Энэ удаагийн арга хэмжээнд АНУ, Англи, Швейцар, Франц, Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг нийт 88 улсын 409 төлөөлөгч хүрэлцэн ирж, “21 дүгээр зуун дахь гэмт хэргийн мөн чанарын өөрчлөлт, сорилт ба хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон байна.
Чуулга уулзалтын үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус Холбооны байгууллагын гишүүнчлэлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол Улсын ерөнхий прокурорын газар нь дэлхийн 177 орны 350,000 гаруй прокуроруудын төлөөлөл бүхий олон улсын сүлжээ байгууллагын албан ёсны “гишүүн-байгууллага” боллоо.
Тус байгууллагад элссэнээр Монгол Улсын прокурорын байгууллага олон улсын прокуроруудын нэгдсэн сүлжээнд орох, олон улсын эрүүгийн эрх зүйн салбарт шинэ тутам гарч буй мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, бусад улсын прокурорын байгууллагатай олон талт уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, прокурор солилцооны болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нээгдэж байна.
Эх сурвалж: УЕПГ