
2011 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо Япон Улсын Байгаль орчны яам болон Монгол Улсын БОАЖЯ-ны хооронд хамтран ажиллах санамж бичигт Л.Гансүх сайд болон Японы БОЯ-ны сайд Гоши Хосоно нар гарын үсэг зурсан юм. Үүний дагуу Япон Улсын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи олон улсын зах зээлийн шинэ механизмуудыг хэрэгжүүлэх, цөлжилттэй тэмцэх, агаарын бохирдлын хяналт ба Асбестос бодисын азбестийн менежментийг сайжруулах чиглэлээр төслүүд хэрэгжиж байгаа болно.
Уулзалтын үеэр БОНХЯ-гаас хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал тавив.
- Японы хүлэмжийн хийн ялгаралтыг дүйцүйлэн бууруулж кредит олгох зах зээлийн шинэ механизмын хүрээнд туршилт байдлаар цаашид Монголд хэрэгжүүлэх боломжтой төслүүдэд жишиг болох бодит төслийн санал боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх,
- 2012-2013 онд боловсруулсан эрчим хүчний хангамжийн салбарт үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээ (НАМА)-ний төлөвлөгөөний хүрээнд хэрэгжих боломжтой төслийн санал боловсруулж хэрэгжүүлэх, технологи, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх,
- Эрчим хүчний хэрэглээний салбарт хэрэгжүүлэх НАМА-ийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр хамтран ажиллах техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх
- Монголын талаас шувууны томууны тандалт судалгааны зөвлөмжинд тулгуурлан шувууны томууны мэдээллийн сүлжээг бэхжүүлэх төслийн саналыг боловсруулан хэрэгжүүлэх,
- Устах аюулд ороод байгаа Мазаалайн тоо толгойг өсгөхөд хамтран ажиллах,
- Байгаль орчны хяналтын төв лабораторын багаж төхөөрөмжийг шинэчлэх ялангуяа хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээнд ашиглагдаж байгаа хуурай тунадасны сорьц авагч багажийг шинэчлэх, гадаргын усны болон хаягдал усны шинжилгээний чиглэлээр төв лабораторийн мэргэжилтнүүдийг Япон улсад мэргэшүүлэх, давтан сургах зэргийг санал болгожээ.
Харин Японы талаас бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах хэд хэдэн боломжийн талаар хөндөж ярилаа. Япон Улс Зүүн хойд Азийн агаарын бохирдлын хамтын ажиллагааны бодлогын талаар танилцуулав. Зүүн хойд Азийн орнуудын агаарт ялгарсан бодисоор эх газрын доор орших Япон улс бохирдож байгааг судалгаагаар тогтоосон байна. Зүүн хойд Азийн агаарын бохирдлыг бууруулснаар тус улс өөрсдийн бохирдолтой тэмцэнэ гэж үзэж , EANET буюу Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ гэсэн бүтцийг ашиглах нь илүү оновчтой гэсэн байр суурьтай байна. EANET-ийг байгуулагдсан цагаас Япон улс санхүү болон технологийн дэмжлэг үзүүлж иржээ.
Мөн “CCAC-climate and clean air coalition” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын талаар танилцуулав. Озон, нүүрсхүчлийн дутуу исэл (угаарын хий), хүхэрлэг хий, азотын давхар исэл, метан зэрэг агаарт богино хугацаанд оршдог бохирдуулагч бодисууд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой нөлөө үзүүлдэг бөгөөд агаар бохирдуулаад зогсохгүй дэлхийн дулааралд ч гол нөлөө үзүүлж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах, дэлхийн дулаарлын процессыг удаашруулах зорилгоор АНУ-ын санаачилгаар “CCAC-climate and clean air coalition” буюу Уур амьсгал, цэвэр агаар эвсэл олон улсын хамтын ажиллагааны байгууллага 2012 оны 2 дугаар сард байгуулагджээ. Уг эвсэлд Азийн бүс нутгаас одоогоор зөвхөн Япон, Бангладеш улсууд нэгдсэн байна. Японы талаас 7 дугаар уулзалтаар уламжлан Монгол Улсын Засгийн газрыг энэхүү асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэв.
Монгол, Японы улсын байгаль орчны салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ салбарыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа хоёр тал уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Хоёр яамны хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой алхмуудыг хэлэлцэж, энэ чиглэлээр ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тохиролцлоо. Хоёр тал бодлогын зөвлөлдөх уулзалтын Протоколын заалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан мөрдөж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч газар, хэлтэс, үндэсний хороод бүр өөрийн чиглэлээр тохирсон асуудлыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарч Японы талтай тогтмол харилцаж хамтран ажиллахыг чухалчиллаа.
Ийнхүү Токио хотноо болсон хоёр талын 7-р уулзалт амжилттай болж, 8-р уулзалтыг Улаанбаатар хотноо ирэх онд хийхээр тохиролцлоо.

Монгол Улс 2010 онд Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээнд нэгдэн орсон. ЗАХТХШС нь энэ асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах чухал санаа санаачлага болсон төдийгүй хүчиллэг тунадасны асуудлаар нэгдсэн ойлголтыг бий болгох, бүх түвшний шийдвэр гаргагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, сүлжээнд хамрагдагч улс орнууд хүчиллэг тунадасны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах нөхцлийг бүрдүүлснээрээ онцлогтой юм. Одоогоор ЗАХТХШС үйл ажиллагаанд Зүүн Азийн 13 орон оролцож, хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Мөнгөн усны талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай
Япон улс Минамата өвчнийг дэлхийн дахинд давтуулах¬гүйн төлөө “Мөнгөн усны хэрэглээг халах” Кон¬венц са¬наач¬лан дэлхийн орнуу¬даар батлуулахаар ажиллаж байна.
2009 онд болсон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн удирдах зөвлөлийн 25-р хуралдаанаас Засгийн газар хоорондын хороог зарлан хуралдуулах, мөнгөн усны асуудлаар хэлэлцээр байгуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэ хооронд 4 удаа хуралджээ. 2013 оны 1 дүгээр сард Швейцарын Женев хотноо Засгийн газар хоорондын 5 дахь удаагийн хуралдаан зохион байгуулагдана. 2013 оны 10 дугаар сард Япон Улсын Кумамото мужид дипломат уулзалт зохион байгуулж, энэ хэлэлцээрийг баталж гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газраас энэхүү конвенцийг дэмжихийг Японы тал хүслээ.
Ирээдүйн хот санаачлага
Тус уулзалтын үеэр Японы төлөөлөгчид “Ирээдүйн хот санаачилга”-ын талаар танилцуулав.
“Ирээдүйн хот санаачилга” нь Рио+20 дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Засгийн газраас санаачлан, хөгжиж буй орнуудад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой хотуудыг бий болгоход нь туслах зорилгоор байгуулагдсан аж. Тус санаачилгын хүрээнд “Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хотууд” сэдэвт өндөр түвшний хуралдааныг 2013 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Вьетнам улсын Ханой хотноо с зохион байгуулна. Үүний өмнө 2013 оны 03 сарын 18-20-нд мөн хотод “3R” форум болон “Back-to back” уулзалт зохион байгуулна. Тэдгээр арга хэмжээнд Монгол Улсаас төлөөлөгч оролцуулахыг хүсэв.
AECEN
Тус байгууллага нь USAID болон Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар 2005 онд байгуулагдсан. Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад нь Азийн орнуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Бүсийн түвшинд бодлого, арга туршлага, солилцсоноор байгаль орчны хууль тогтоомж, шаардлагуудыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Тус байгууллагад одоогоор 16 улс гишүүнээр нэгдээд байгаа.
Газрын доройтлын менежмент, Олон нийтийн оролцоо, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг нь үйл ажиллагааных нь гол чиглэл аж.
Монгол Улсын зүгээс AECEN-д элсэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд уул уурхайн салбарт Австралийн ОУ-ын байгууллагатай байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, стратегийн үнэлгээний чиглэлээр “Twinning partnership” чиглэлээр хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлэв. “Twinning partnership” буюу “Ихэржүүлэлт түншлэл” нь техникийн туслалцаа, бодлогын хэрэгжилтийг сайжруулах, ажлын байран дээрх сургалт, мэдээлэл солилцох зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаануудыг хамардаг байна.
Элчин сайдтай хийсэн уулзалт
Энэхүү уулзалтын үеэр “Говийн нууруудыг сэргээх санаачилга” төслийг Жайкад тавих,
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөгчдийг Японы Осака хотын нөхөн сэргээлтийн туршлагатай танилцуулан нэвтрүүлэг бэлтгэх зэрэг асуудлаар санал солилцов.
Танилцах аялал: Байгаль орчинд ээлтэй хот-Ёкохама
Ёкохама хотын хот төлөвлөлтийн бодлого нь байгаль орчиндоо хэрхэн ээлтэйгээр төлөвлөгдсөнийг 2 жишээн дээр үзэж танилцсан.
“Minatomirai 21 district heating and cooling” Co.,Ltd
Дулааны эх үүсвэрийг төвлөрүүлснээр эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах, дэлхийн дулааралтай тэмцэх үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой шйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчны хувьд хэрхэн үр ашигтай байгааг графикт харуулсан. Эрчим хүчийг хэмнэх уламжлалт системтэй харьцуулахад цахилгааны үнэ 10% -р буурсан , нүүрсхүчлийн давхар ислийн ялгаралтыг бууруулж чадсан байна.
“Ёкохама G30” мастер төлөвлөгөө -Цуруми үйлдвэр
2010 он гэхэд 2001 онтой харьцуулахад хог хаягдын хэмжээг 30% бууруулах зорилт тавьсан. 2005 он гэхэд энэ 30 хувиар, 2009 онд 42,2%-р бууруулж чадсан. Хог хаягдлыг ялган дахин ашиглах, хог хаягдлын хэмжээг бууруулснаар байгаль орчинд учруулах нөлөөг бууруулах, нүүрсхүчлийн хийн ялгаралыг бууруулах зорилготой аж.
Төлөөлөгчид хог шатаах үйлдвэртэй танилцсан. Уг үйлдвэр 1995 онд байгуулагдсан. 60.0 сая ам.долларын санхүүжилттэй. Хог шатаасан дулаанаар цахилгаан үйлдвэрлэж түгээдэг. Үүнээс жилдээ 2.7 тэрбум иений орлого олдог ажээ.
Сэтгэгдэл (3)