Монгол Улсын БОНХ-ийн сайд С.Оюун, Япон Улсын Байгаль орчны сайд Хироюуки Нагахама Катар улсын Доха хотноо уулзлаа. Сайд нар Монгол болон Япон улс сүүлийн жилүүдэд байгаль орчны салбарт, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов. Засгийн газар хоорондын хүлэмжийн хий бага ялгаруулах хөгжлийн түншлэл тогтоох талаархи яриа хэлэлцээ амжилттай явагдаж байгааг хоёр тал тэмдэглэж, “Хүлэмжийн хийн ялгаралтыг дүйцүүлэн бууруулж кредит олгох шинэ механизмыг хэрэгжүүлэх тухай” баримт бичигт Улаанбаатар хотноо ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцов. Энэ нь Япон улсын дэвшүүлсэн өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах боломж олгоход чиглэсэн санаачлагын хүрээнд хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан анхны тохиолдол болох юм. Хоёр орны энэхүү түншлэл нь манай оронд Япон улсын хүлэмжийн хийн ялгаралт багатай, байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, шинэ эх үүсвэр ашиглах, дэд бүтцийн салбарыг шинэчлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Уулзалтын төгсгөлд хоёр орны байгаль орчны сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурж, Японы хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж мэдээлэл хийв.
С. Оюун Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Кристина Фигурес, Дэлхийн Цаг уурын Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Жаро, Австрали, Латви, Чили, Монтенегро, Лесотто, Дани зэрэг орны сайд, албаны хүмүүстэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцлоо гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.