
Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ч хэвээр баталсан юм. Тиймээс тэрээр хоёр шатны шүүхийг эсэргүүцэн, хяналтын шатны шүүхэд хандсан билээ.
Харин хяналтын шатны хуралдаан Н.Энхбаяр болон түүний хамсаатан гэх Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын хэргийг өчигдөр хянан хэлэлцэв.
Хуралдаанаас Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн Өргөө" зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан "Эскон" ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон байна гэж үзэв. Мөн Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нарыг эдгээр хэрэгт хамтран оролцогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.
Харин Н.Энхбаяр нь Япон улсын Буддын шашны Агоншү шашны байгууллагаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгов.
Ийнхүү Дээд шүүхээс Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, биечлэн эдлэх ялыг Н.Энхбаярт 2.6 жил, Ж.Мягмаржаргалд нэг жил байхаар тогтоож, харин Д.Чулуунбаатарт оногдуулсан 2.1 жилийн ялыг болон Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг тус тус хэвээр үлдээсэн юм.
Түүнчлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын "Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан ТВ-9 телевизийн хууль бусаар олсон 119.534.302 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай" гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ийнхүү гурван шатны хуралдаанаар Н.Энхбаярыг гэм буруутайд тооцлоо. Тэрээр дээд шүүхийн шийдвэр өөрийнх нь эсрэг гарвал өлсгөлөн зарлана гэж байсан. Харин өлсгөлөн зарлахаа тэрээр түр зогсоожээ. Учир нь түүнд хуулийн дагуу нэг шат үлдээд байгаа юм. Тиймээс Улсын дээд шүүхийн Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандахаар болжээ. Ингэснээр түүний хэрэг дахин Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэгдэх юм. Тэрээр нийт шүүгчдийн хуралдааны шийдвэр яаж гарахаас хамаарч дараагийн алхамаа хийх юм байна. Хэрвээ Н.Энхбаярын эсрэг гарвал тэрээр өлсгөлөн зарлаж, Олон улсын шүүхэд хандах болж. Гэхдээ нэн түрүүнд одоо байгаа боломжоо ашиглаж, Шүүхийн Ерөнхий зөвлөлд гомдолоо гаргахаар болжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (49)