МУГЖ С.Жавхлан саяхан гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Б.Магсаржавт бэлэглэж хүмүүсээс нилээн шүүмжлэл сонссон. Дээрх үйлдлийг нь шүүмжилсэн олны хэл ам тасраагүй байхад тэрээр дахин дуулиан тарьсан мэдэгдлийг хийлээ. С.Жавхлан намынхаа дарга Н.Энхбаярыг өмөөрч тэмцэнэ гэдгээ өчигдөр "TV9" телевизээр мэдэгдсэн юм. Тэрбээр энэ мэдэгдлийг хийхдээ гартаа гав зүүсэн харагдсан.
С.Жавхлан хэлэхдээ “Эрх баригчид “Н.Энхбаяр”, “Эх орон” хоёрыг туйлдууллаа. Монголын ард түмний үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг миний гар шиг гавалж дөнгөллөө. Би үүнийг тэвчихгүй. Монголын шүүх буруу шийдвэр гаргаж, Н.Энхбаярт ял өгөх юм бол би тэмцэнэ. Шудрага үнэний төлөө ямар ч хэлбэрээр хамаагүй тэмцэнэ. Би эх орныхоо төлөө цохилох зүрхтэй жирийн нэг дуучин. Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, шудрага ёсны төлөө МАХН-д орсон. МАХН-ын гишүүн болохоор даргыгаа өмгөөлж өмөөрөөд байна гж битгий ойлгоорой. Н.Энхбаяр бол надтай адилхан эх орон ч хүн. Эх оронч хүн эх орончоо өмөөрч байна. Ямар ч байсан энэ хүнийг хорьж болохгүй. Би шудрага ёсны төлөө ямар ч хэлбэрээр тэмцэнэ. Монголын шүүх биднийг эрх чөлөөг дөнгөлж болохгүй” гэсэн юм.
С.Жавхлангийн мэдэгдэлтэй зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүхийн шийдвэр гарсан. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцсэний эцэст Н.Энхбаярт холбогдох “ТВ-9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн юм. Ингэснээр түүний ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлсэн.
Бүр Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл нар хурлыг орхин гарч, МАХН-ынхан шүүхийн гадна “Н.Энхбаярыг сулла” гэх уриа лоозон барин өдөржин жагссан ч шүүхийн шийдвэрт тэд нөлөөлж чадаагүй юм. Ямартай ч Н.Энхбаяр хоригдохоор боллоо. Түүнийг өмгөөлж, өмөөрч байгаа хүмүүс засгаас гарахаас эхлээд захын хороололд хүртэл жагсаж явна. Тэдний нэг С.Жавхлан хэлсэн үгэндээ хүрч ямар ч хэлбэрээр хамаагүй тэмцэх болов уу?
Тэрээр өнгөрсөн сонгуулийн үеэр уул уурхайн компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж төрсөн нутаг болох Увс аймагтаа өлсгөлөн зарласан ч 24 цагийн дараа тэмцэл дууссан гэдэг. Харин одоо Н.Энхбаярын төлөө тэр хоёрдахь өлсгөлөнгөө хийж чадах болов уу?
Түүх сөхвөл, С.Жавхлан өнгөрсөн зун эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж яваад гурван айлтай тааралдсан гэдэг. Тэгээд тэр айлуудаас цааш яаж явах замаа асуухаар болж. Эхнийх нь айлын гадаа очтол тэр айлд найр, наадам болж байсан аж. Угаас найр, наадамд дургүй С.Жавхлан дараагийн айлмруу явжээ. Хоёрдох айлын гадаа иртэл тэр айлд бөөн хэрүүл болж байсан байна. Хэрүүл хийж байгаа айл надад зам зааж өгөхгүй харин ч намайг загнах байх гэж бодоод гурав дах айлын гадаа очсон юмсанж. Гэтэл тэр айлд хүмүүс уйлж байх нь сонсогдов. Уг нь инээснийг асуу уйлсаныг бүү асуу гэдэг байлтай. Харин Жавхлан инээснийг бүү асуу, уйлсныг асуу гээд ортол тэр айлынхан эх орон, газар шороог минь гадныханд зарчихлаа гээд уйлж байж. Тэр айлаас зам асуухад замыг нь зааж өгчээ. Дуучин С.Жавхланд замыг нь зааж өгсөн тэр айл нь МАХН байж.
Тэрээр уламжлалаа бодсон ч тэр би энэ гэр дотор байгаа хүмүүстэй хамт явахаар шийдсэн. Тйимээс ч МАХН-д нэгдлээ гэж хэлж байсан билээ. Түүний МАХН-д элсэж, Н.Энхбаяртай холбогдсон үлгэр ийм бөлгөө.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)