

Хүн төрөлхтний хамгийн агуу удирдагч Чингис хааны онгон бунханыг гарцаагүй олж илрүүлэхүйц хайгуулын ажил эхэлжээ. Эрлийн баг дэвшилтэт технологиор энэ бүхнийг хийж байгаа аж. Мэргэжилтнүүд хиймэл дагуулын хэт мэдрэгч туяаг ашиглан Хэнтий аймгийн нутагт байх гурван голын сав газрыг “нэгжих” юм. Ийнхүү авсан зургийг 3D хэлбэрээр боловсруулж, газар доорх хааны бунханг олно гэдэгтээ мэргэжилтнүүд итгэлтэй байна.

Ардчилсан нийгэм тогтож, Чингисийн талаарх үзэл дахин сэргэж эхэлсэн 1990-1992 онд япончууд хааны онгоныг илрүүлэх ажлыг анхлан санаачилж 1.2 тэрбум иений хөрөнгөөр “Гурван гол” гэх хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлж байв. 2000 онд Америкийн тэрбумтан Круз гэдэг хүн 1.2 мянган ам.доллараар баг бүрдүүлэн явуулж 2002 он хүртэл ажилласан ч бас олсонгүй. 2001 онд япончууд “Шинэ эриний төлөвлөгөө” гээчийн дагуу хайсан ч бүтэлгүйтжээ. Энэ хугацаанд хувиараа хайж, эрж, судалгаа хийсэн хүмүүсийг байгааг мартаж болшгүй юм.
Дээрх эрлийн багууд Монголын нутаг дэвсгэрт байж болох бүх газраар хайсан биз ээ. Харин одоо гарцаагүй аргыг сонгосон “National Geographic”-ийн мэргэжилтэн Альберт Лин тэргүүтэй баг АНУ-ын Калифорний мэдээлэл технологийн их сургуулийн лабораторит ажиллаж байна. Тэд түүхийн эх сурвалжаас хааныг оршуулсан газарт ой мод ургаж, голын урсгал татсан гэх мэдээллийг олжээ. Тиймээс Хэнтий хайрхан, Гурван голын саваар бунханыг эрвэл гарцаагүй олно гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Түүхийн ухааны эрдэмтэд хааны бунханы тухайд олон зүйлээр санал зөрдөг хэдий ч Гурван голын савд их эзнийг оршуулсан гэдэгтэй маргадаггүй. Тодруулбал, Чингис нас нөгчсөний хойно Хэрлэн голоос баруун, Туул голоос зүүн зүгт, Хэнтийн уулсаас өмнөд чигт нутагшуулсан гэдэг юм.
Ноён А.Линий баг хиймэл дагуулын мэдрэгч туяанаас гадна өндөр хүчин чадалтай радио долгионы төхөөрөмж, алсаас тандалт хийх зэргээр хайгуул явуулна. Энэ нь газрын гадарга хөрсийг гэмтээлгүйгээр түүхийн үнэт зүйлийг илрүүлэх давуу талтайг онцоллоо. Хэнтий хайрханы орчмоос 800 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн эд өлгийн ихэнх зүйл олдсон учраас хааны бунхан ойрхон байгаа гэж үзэж байна.
Сэтгүүлд ийм нийтлэл гарчээ. Харин зарим судлаачид Чингис хааны онгоныг үнэхээр нууцлахыг хүссэн байхад бид яагаад оролдох ёстой гэж үздэг. Тэгвэл энэ асуулт гарч ирж байна.

Эрдэмтэн, мэргэд, судлаач түүхчид энэ асуудлыг дэмжиж, илрүүлэх нь зүйтэй гэж үздэг. Харин энгийн иргэд, төрийн түшээд хүртэл эсэргүүцэх нь бий. Онгоныг илрүүлэх асуудлыг аль талаас сөхөж байгаа нь хүмүүсийг хоёр талд хуваачихдаг аж.
Их хааныг тэнгэрт хальсны дараа бунхлахдаа зөвхөн бие цогцсыг нь оршуулаагүй. Түүний эд зүйл, эрдэнэс баялгийг ч хамтад нь бунхан “ордон”-д үлдээсэн гэдэг. Тиймээс энэ баялаг нь өдгөө илэрвэл түүхийн маш ховор, үнэтэй зүйл болох нь дамжиггүй. 13 дугаар зуунд монголчууд дэлхийг байлдан дагуулсан гэх ч түүнийг нотлох баримт, эд зүйл тун ховор байдаг билээ. Харин бунханыг олвол их эзэн хаантай холбоотой бүх түүхэн зүйлс гарч ирэх аж.
Нөгөө талаас хааны шарилыг хөндөхгүй, хэнд ч мэдэгдэхгүй байх монгол түмний ёс заншил, уламжлал захиас бий. Түүнийг зөрчиж их эзний бие лагшинд хүрч, хүндэтгэлгүй хандахыг олон хүн буруутгадаг юм. Тэр байтугай ерөнхийлөгч асан Н.Багабанди 2004 онд “Чингис хааны онгоныг эрж хайхыг зөвшөөрөх ч үгүй, дэмжих ч үгүй. Чингис хааны онгон угийн янзаараа хадгалагдаж, бурхан шүтээн шиг Монгол ард түмний зүрхэнд өнө мөнхөд орших болтугай” гэж хэлсэн байдаг.
Сүүлийн үед хааны нэр алдар, гавьяа түүхийг хүндлэхийн тулд аливаа эд зүйлийг Чингис хэмээн нэрлэхэд хяналт тавьж, архины нэрнээс авахаар болсон. Тэгвэл цаашид ч хааны захиас, уламжлалыг хүндэтгэж онгоныг олж нээхгүй байх нь зүйтэй гэх үзэл ч дэлгэрчээ.
Энэ бүгдээс гадна их богдын эд зүйлийг олчихоод харж суутал түүнийг хамгаалах, хадгалах нөхцөл манай улсад тааруу. Үүнээс шалтгаалж хулгайд алдахгүй гэх баталгаа байхгүй. Гадаадын томоохон музей, галлерейн өндөр хамгаалалтыг даваад хулгай хийчихээд байхад манай улсад байгаа хяналтын камер, харуул хоёрыг яаж ч аргалж болох юм шиг санагдана. Тэгвэл нууц хэвээр нь хэзээ ч ололгүй үлдээе гэхээр мэдрэгч туяа, хэт долгионы радар ашиглаж илрүүлчихээд триннозавр батаарын адил аль хэдийн хулгайгаар хил давуулж байвал бас яах билээ? Ийм л хачирхалтай гацаанд орчихоод байна. Гэхдээ энэ тохиолдолд хааны онгоныг илрүүлж, төрийн хамгаалалтад авч, дэлхийд түүхээ нэхэн сануулж, улам бататгах нь илүү зүйтэй хэрэг юм.
Их Монгол улсын байлдан дагууллын эд зүйлийг олж нээх өөр нэг гарц ч бий. Амьсгал хураахын өмнө эзэн хаан өөрийгөө өмнөд нутагт нэг, төрсөн нутагт нь нэг оршуулахыг захисан гэдэг. Үр хүүхэд, түшээ олон нь түүний цогцсыг хувааж онголох биш хэмээгээд хувцас, хэрэглэл тэргүүтнийг өмнөд нутагт, өөрийнх нь биеийг төрсөн нутагт нь бунхалжээ. Ийм учраас Өвөрмонголын нутагт их хааны онгон бий гэж хүмүүс ойлгодог аж. Харин Хэнтий хайрханы бэл, хормойгоор их эзэн, түүний үр удмын дээдсийг оршуулах уламжлал тогтжээ. Тиймээс Чингис хааны бунханыг хөнддөггүй юм гэхэд угсаа залгамжлагчдын онгоныг олж илрүүлвэл 13-р зууны түүхийг бүрэн илтгэх зүйлс гарч ирж болзошгүй.
Их хааныг хэрхэн бунхалсан бэ?
Зарим түүхч эрдэмтэн хааны үхлийн шалтгааныг тулааны шархнаас болсон гэдэг. Харин “Монголын нууц товчоо”-нд мориноос унаж бэртсэн нь эдгэрэлгүй байсаар тэнгэрт хальсан хэмээдэг юм. Түүнийг эх нутагт нь авчирч, төрсөн газарт нь бунхлан оршуулжээ. Тэр газрыг тэгшилж, энгийн хөрснөөс ялгарахгүй болтол нь түмэн агтаар гишгүүлэн тэгшилсэн гэдэг. Оршуулж дуусаад мод тарьж суулгасан нь өнөөдөр ой мод болон ул мөр нь улам алдарчээ.
Хааны онгоныг тахих үүргийг Дархадууд үеийн үед гүйцэтгэж ирсэн байдаг. Тахилгын газрыг зөв олохын тулд оршуулга дуусмагц тухайн газарт нь ботго алжээ. Жилээс жилд тахилга өргөх болоход өнөөх алсан ботгоны эхийг тэр хавиар хөтлөн явна. Ингэ гэнэт буйлан ганганаж зогсвол тэр нь тахилга өргөх буюу хааны онгон байгаа газрыг заадаг аж.
Он жил улиран өнгөрсөөр өнөөдөр дархадуудын 39-р үеийнхэн тахилга үйлддэг. Чингис хааны тахилгыг гардан үйлддэг 30 гаруй хүн байдаг гэнэ. Хааны онгон хаана байрлаж байгааг тэд мэдэж байх үндэстэй билээ.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (11)