Өнөөдөр хүний эрхийн өдөр. Монгол улс тийм хүний эрхийн конвенцид нэгдсэн гэх зэрэг хоосон ярианаас хөндийрч, бидний нүдний өмнө эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдэд анхаарлаа хандуулах цаг болжээ.
Хоёр жилийн өмнө долоон настай хүү гурван настай охин дүүгээ галаас аварсан үйл явдал олон хүний самсааг шархируулж байлаа. Хүний алтан амийг аварсан О.Сайханбилэг хүүд “Шударга журам” медаль гардуулж ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн үзгээ бэлэглэж байв. Долоон настнууд ийм зүйл хийж чаддаг. Харин өнгөрсөн долоо хоногт хойд эцгийнхээ ширүүн зодуураас болж сэхээнд орсон хүүгийн хувь заяа түүнийхээс огт өөр юм. Гурван зуун төгрөг авсных нь төлөө хүүхдээ бүтэн дөрвөн цаг зодож, сэхээнд ортол нь тамалсан эцэг өнөөдөр “батлан даалтанд” гэсэн нэрээр гадуур холхиж явна. “Би боловсрол, мэдлэг муутай хүн л дээ” гэж өөрийгөө өмөөрөх түүнийг цагдаа нар түр саатуулаад гаргасан. Харин хүүгийн ээж тэгэж их зодуулж байхад нь өмөөрөөгүй хэрнээ гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа хүүтэйгээ хэнийг ч уулзуулахгүй байна. “Энэ чинь миний хүү, та нарт ямар хамаатай юм?” гэх энэ эмэгтэй нэг хүний алтан амийг хариуцаж байгаагүй үл ухамсарлаж байгаа бололтой. Хүүг өргөж авах хүсэлтэй хүн олон байгаа ч энэ бол хуулийн дагуу шийдэгдэх асуудал. Тэр эцэг, эхтэйгээ байх уу, үгүй юу гэдгээ өөрөө шийднэ. Гэтэл эмнэлэгт түүнийг сахиж байгаа ээж, нагац эгч хоёр нь бүр нийгмийн ажилтанг ойртуулахгүй хэдэрлэж байна. Цагдаа, эмнэлгийнхэн нь хүүг эцэг, эхээс нь салгана, асрамжинд авна гэж байгаа болохоор ээж, эгч хоёр нь хүүг их ятгаж байгаа бололтой аж.
Хэдэн сарын өмнө орон сууцны хогийн савны хажуунаас дух нь цоорсон таван сартай хүүгээ захидалтай үлдээсэн хэрэг гарч байв. 2011 онд мөн л хөрш айлын эмэгтэйн ачаар Лхагвамаа охин ээжийнхээ ширүүн зодуураас холдож байлаа. Гар нь гурван удаа хугараад мурийж эдгэсэн, толгой нь энд тэндгүй хагарсан шарх сорвитой, бүх бие нь хөх няц болсон ч “мориноос уначихсан” гэж охин ээжийгээ өмөөрч байсан юм. Цагдаа нарын сургаар хүүхдүүдээ авч зугтаасан ээжийг эрж хайн байж олсон. Охин үрээ сандлаар зодон тамладаг байсан ээжид шүүхээс 3,6 жилийн ял оноож, Лхагвамаа охин дүүгийнхээ хамт асрамжийн газар өсч байна. Охины бие, сэтгэлийн шарх ч эдгэж байгаа бололтой. Үхтэл үр харам гэдэг үг өнөөдөр зарим эцэг, эхчүүдийн хувьд эсрэгээр эргэж, хүүхдүүд нь харин тэднийг хүмүүжүүлдэг болоо юу даа.
Хүүхдийн баяраар чихэр, боовхон тарааж байхаар хүнээ байсан эцэг эхтэй хүүхдүүдэд зорьж анхаарлаа хандуулах цаг болжээ. Талх ч авч хүрэхгүй, хэдхэн тамхины төлөө бяцхан хүүг тамласан эцэг, хүүгээ өмөөрөх ухаангүй ээж нарт ямар хариуцлага тооцож чадах нь жинхэнэ хүний эрхийн асуудал баймаар.


Хүүхдийн баяраар чихэр, боовхон тарааж байхаар хүнээ байсан эцэг эхтэй хүүхдүүдэд зорьж анхаарлаа хандуулах цаг болжээ. Талх ч авч хүрэхгүй, хэдхэн тамхины төлөө бяцхан хүүг тамласан эцэг, хүүгээ өмөөрөх ухаангүй ээж нарт ямар хариуцлага тооцож чадах нь жинхэнэ хүний эрхийн асуудал баймаар.
24tsag.mn
Сэтгэгдэл (35)