
МАН-ын хоёр, АН-ын хоёр, МАХН-ын нэг гишүүн УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болсон ч улс төрийн гацаанаас болж хойшлогдсоор байна. Д.Арвин, Д.Сарангэрэл, Г.Батхүү, Д.Зоригт, Ц.Оюунбаатар нар энэ долоо хоногт ч мөн тангараг өргөхгүй. Учир нь пүрэв, баасан гарагт хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганы хуваарьт тэдний тангараг өргөх ёслол багтаагүй байна. АН-ын хувьд гишүүдийг тангарга өргүүлэхээр яаравчилж байгаа ч МАН-ынхан Д.Зоригт, Г.Батхүү нарыг эсэргүүцсэн хэвээр байгаа. Тэдэнтэй Өвөрхангай аймгийн тойрогт өрсөлдсөн Г.Төмөрхүү, С.Чинзориг нарын хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй тул АН-ын гишүүд тангараг өргөх ёсгүй гэж үзэж байгаа. Тэгвэл МАХН-ын Ц.Оюунбаатарын нэрийг СЕХ-ноос баталсан ч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Монгол банкны дэд ерөнхийлөгчийн ажлаа орхиж, Ц.Оюунбаатарын оронд гишүүн болно гэх яриа гараад байгаа билээ.
Харин УИХ-ын гишүүн болоход ямар ч саадгүй байгаа Д.Арвин чуулганд өмсөх дээлээ сонгож байгаа сурагтай. Ямартай ч намуудын үл ойлголцол, улс төрийн гацаанаас болж энэ таван эрхэм энэ долоо хоногт гишүүний тангаргаа өргөхгүй нь.
24tsag.mn