
Тусгай илтгэгч "Монгол Улс байгалийн нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үндэсний эдийн засаг хурдацтай өсч байгаа хэдий ч нийгмийн ядуу хэсэг энэ өсөлт хөгжлөөс хоцорч, хөдөөгийн төдийгүй хотын зарим хэсэгт ядуурлын түвшин өндөр хэвээр, нийгэмд баян, ядуугийн ялгаа нэмэгдсээр байна” гэсэн дүгнэлтийг хийжээ. Ялангуяа, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хот газар руу шилжин суурьшигчид, малчид, үндэсний цөөнх, бэлгийн цөөнх, ДОХ/ХДВХ-тэй иргэд, харьяалалгүй иргэд зэрэг нийгмийн эмзэг хэсэг ядууралд илүү нэрвэгдэж, нийгмээс гадуурхагдаж, эрх нь зөрчигдөх нь элбэг байгааг онцлов.
Хэдийгээр Монгол Улс хүний эрх, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, орон гэр, хоол хүнс гэх мэттэй холбогдох эрхийг хуульчлан тогтоосон ч хуулийн хэрэгжилт хүн бүрийн амьдралд бүрэн хүрэхгүй байна гэж үзэж буйгаа хатагтай М.Сепулведа илэрхийлээд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт тодорхой зөвлөмж өгчээ. Тухайлбал, хүний эрхэд суурилсан ядуурлыг бууруулах стратегийг боловсруулан баталж, тодорхой хугацаатайгаар аймаг, сум тус бүрээр хэрэгжүүлж, уг стратегийн урт хугацааны үр дүнтэй хэрэгжилтийг хангах төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, хэрэгжилтийг уялдуулан зохицуулж, хариуцан тайлагнах эрх бүхий байгууллагыг томилохыг зөвлөсөн байна. Тэрээр мөн мэдээлэл, үнэлгээнд суурилсан бодлого боловсруулан, арга хэмжээ авах, хөрөнгө нөөцийг хуваарилахдаа нийгмийн эмзэг бүлгийг тэргүүн зэрэгт тавих, нийгмийн хамгааллын цогц тогтолцоог бүрдүүлэх, уул уурхай зэрэг эдийн засгийн үйл ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хууль зүйн үйлчилгээг ядуу иргэдэд хүргэх арга хэмжээг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.
НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөснөөр Монгол Улс эдийн засгийн өсөлт өндөр байгаа хэдий ч нийгмийн тэгш бус байдлын хувьд олон улсын тусламжийг цаашид үргэлжлүүлэн авах шаардлагатай ажээ.
Сэтгэгдэл (1)