Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа болон бүлгийн гишүүд өнөөдөр /2025.10.01/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа энэ оны есдүгээр сарын 02-нд тохиосон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс тунхагласны түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд тууштай өргөжин гүнзгийрч ирсэнд сэтгэл хангалуун байна гээд, Монгол, Вьетнамын ард түмэн хүнд бэрх үед бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн уламжлалтайг тодотгов. Манай улсаас Ази тив, түүний дотор Зүүн Азид явуулж буй гадаад бодлогод Вьетнам Улс онцгой байр суурь эзэлдэгийг тэрбээр дурдаад, Монгол Улс Вьетнам Улстай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгийг онцлов.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг яриандаа хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаанд парламентын бүлгүүд гүүр болохоос гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны гүүр болохыг хүсэж байна хэмээлээ. Ялангуяа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж шинэ түвшинд хүргэхийн төлөө байгаагаа уламжилж, энэ хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний талаар санал асууж, ярилцлаа.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага болох парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа онцолсон бөгөөд парламент хоорондын бүх түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах нь манай хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэв. Мөн тэрбээр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлдээ хууль, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн аж амьдралыг сайжруулж, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд гадны улс орнуудаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр оновчтой ямар бодлого баримталсан талаар туршлага солилцохыг хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд дотоодын үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэхийн чухлыг дурдав.
Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Монгол Улсын эдийн засаг хэдийгээр уул уурхайгаас хамааралтай ч хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, худалдаа, үйлчилгээний салбар манай улсын хөгжлийн бүхий л үе шатанд нийгэм, эдийн засагт голлох байр суурь эзэлж ирсэн хэмээгээд салбарын хэмжээнд хүний нөөцийн дутагдалтай байгаа тул энэ хүрээнд хамтран ажиллах боломж бий хэмээсэн.
Энэхүү уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон бөгөөд эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулахад хоёр улс хамтын хүчин чармайлт гаргах нь чухал гэдэгтэй санал нийлж байгаагаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)