
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулж, холбогдох хэлтсийн дарга нар тайлбар мэдээлэл өглөө.
Тухайлбал,
Гурвалжингийн гүүрний орчимд том оврын машин техник болон нийтийн эзэмшлийн зам, талбайд элс, цемент, хайрга зарж байгаа асуудлыг цэгцлэх ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Эрчим хүчний гудамж дагуух 42 том оврын техник хэрэгслийг нүүлгэсэн бөгөөд одоо тус гүүрний баруун талын налууг эко хавтангаар хучиж байгаа юм. Мөн энэ ондоо амжвал нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран явган зам тавих, хайс хашлагыг хийхээр төлөвлөсөн ба нийслэлийн Төсвийн хөрөнгө оуулалтаар хийж байгаа энэ ажил ирэх онд үргэлжлэх юм.
Дүүргийн хэмжээнд явган хүний зам тэгшлэх, шороон замыг хусах үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн 9, 10, 11, 16, 22, 23 дугаар хорооны замыг хусаж тэгшлэх ажил дууссан бол 2, 8, 20, 21, 25 дугаар хороонд энэ ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Түүнчлэн хуучин хавтан ашиглан явган хүний зам нөхөх, засах үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн 23 хорооны 71 байршилд 4375.21м2 талбайд явган хүний замыг нөхөх, засварлах ажлыг хийсэн гэсэн мэдээллийг өглөө.
ХОГНЫ ГЭРЭЭ ШИНЭЧЛЭХ АЖИЛ 59 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дүүргийн Татварын хэлтсээс улс, нийслэл, дүүргийн төсвийн 2025 оны төлөвлөгөө болон энэ оны эхний 10 сарын 20-ны өдрийн байдлаарх гүйцэтгэлийн төлөвлөгөөг танилцууллаа. Тухайлбал, энэ оны эхний 10 сарын байдлаар Улсын төсөвт төвлөрүүлэх орлого 92.5, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого 102 хувьтай байгаа бол дүүргийн төсөвт төвлөрүүлэх орлого 78.5 хувь байна. Дүүргийн төсвийн орлого бүрдүүлэхэд тулгарч буй асуудал нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой хүчин зүйлүүд гэдгийг онцоллоо.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Аж ахуй нэгжүүдтэй байгуулах хогны шинэчилсэн гэрээг яаралтай хийж дуусгахыг үүрэг болголоо. Учир өнгөрсөн онд хогны тарифыг шинэчилсэн бөгөөд “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ өмнө нь 3316 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж ажилласан. Үүнээс өнөөдрийн байдлаар 59 хувь нь гэрээгээ шинэчилсэн байна.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА
Мөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын 7 хоног эхэлж байгаатай холбоотойгоор ажил олгогчид холбогдох хуулийн хүрээнд ажлын цагаа уян хатан болгож, алба хаагчдаа эрт тараах, хүүхдийг болзошгүй аюул ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтарч ажиллахыг нийт удирдах ажилтнуудад уриаллаа.
Хурлын төгсгөлд дүүргийн засаг дарга “Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэдэж ажилд онцгой анхаарч ажиллана. Үүнд нийслэлээс Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 89.93км явган хүний болон дугуйн зам байгуулах, өргөтгөх, нүхэн, гүүрэн гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд манай дүүрэгт нийт 20 км явган хүний болон дугуйн зам тавих бөгөөд энэ ажилд онцгой анхаарал хандуулна” гээд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
-
Энэбишийн өргөн чөлөө дагуух тохижилт,
-
22-р хорооны өндөрлөгийн 12 га талбайд тохижилт,
-
Гэр хорооллын далан дагуух тохижилт,
-
Төв болон туслах зам дагуу, нийтийн эзэмшлийг талбайг зүлэгжүүлэх ажилд анхаарч ажиллах тул ажлын төлөвлөгөө, зураг төсвийг гаргах зэргээр бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.



















































