
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан өнөөдөр /2025.10.21/ One Sky Олон Улсын байгууллагын гүйцэтгэх захирал Морган Ланстай уулзлаа.
Тус байгууллага нь АНУ-д төвтэй бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр БНХАУ, Хонг Конг, Вьетнам, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн уулзалтаар хүүхэд, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төрийн бус байгууллагуудыг чадавхжуулж, хараат бус байж, хяналт тавьж чаддаг, Олон Улсад байгууллагын түвшинд ажилладаг болгоход аргазүйн тусламж авч хамтран ажиллахаар санал солилцлоо.
Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулж, Асралт гэр бүл гэсэн ойлголтыг Монгол Улсад нутагшуулан, хүүхэд хамгаааллын үйлчилгээгээ сайжруулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Нийгмийн ажилтны тухай хуульд санал тусгахаар ярилцав.
One sky Mongolia Олон Улсын байгууллага нь Монгол Улсад насны хүүхдийн чадавхыг нээн хөгжүүлэх, эрт үеийн боловсрол олгох чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдыг сургаж чадавхжуулж, 2024 оноос Хүүхэд харах төвүүдтэй хамтран Монгол Улс дахь “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих, харилцаа холбоог бэхжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

















































