Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид ХКН-ын урилгаар БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр /2026.03.24/ ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи-тай Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав.

Уулзалтын үеэр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Монгол Ардын нам болон ХКН нь 105 жилийн түүхтэй улс төрийн хүчнүүд болохыг онцолж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа нь улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлж ирснийг тэмдэглэв.

Мөн 14 дэх удаагийн БХАТИХ-ын дөрөвдүгээр чуулган амжилттай болж, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө баталсанд баяр хүргэв.
Тэрбээр, хоёр улсын Төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, хоёр улсын хооронд олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүд эрчимтэй урагшилж, бодит үр дүнд хүрч буйд монголын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, хоёр тал тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам, язгуур эрх ашгийг хүндэтгэдгийг цохон онцлоод, Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгийг илэрхийлэв.
Монголын тал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон Даян дэлхийн санаачилгуудыг дэмждэгээ үргэлжлүүлэх болно гэдгийг тэмдэглэв.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралыг намын даргын хувиар гадаад айлчлалаа хөрш БНХАУ-аас эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлж, нам хоорондын найрсаг харилцаа нь улс хоорондын хөгжлийн чухал үндэс суурь болдгийг онцлон тэмдэглэж, энэ хүрээнд залуучуудын солилцоо, харилцан айлчлалыг тогтмол хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа онцлов.

Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн нэгдмэл ойлголт, ажлуудыг бодит үр дүнд хүргэхэд Монголын талтай идэвхтэй хамтран ажиллахаа Хятадын тал илэрхийлэв.
Мөн хоёр улсын хооронд урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ХКН зүгээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Монголын талаас дэвшүүлж буй сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хот байгуулалт зэрэг томоохон төсөлд ач холбогдол өгч нааштайгаар судалж үзэхээ илэрхийлэв.
























































