
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Төрийн алба, албан хаагчдын хөрөнгө оруулагчтай харилцах стандарт” сэдэвт 7 хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.23/ нээлтээ хийж, “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг нээж, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдын ёс зүй, хандлага, харилцааны соёл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл бөгөөд төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг дурдав.

Нээлтийн үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэд захирал Ч.Баттулга төрийн албаны хүнд суртлын индексийн талаар танилцуулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагыг онцлон байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд “Дипломат ёс зүй”, “Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж буй төрийн албаны харилцааны стандарт”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт”, “Сэтгүүлчидтэй үр дүнтэй харилцах, эдийн засаг, хөгжлийн мэдээлэл, харилцааг оновчтой зохион байгуулах” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд хэлэлцэгдэж, оролцогчдод бодит жишээ, практик мэдлэг, мэдээллийг хүргэлээ.
Тус арга хэмжээнд яам, агентлаг, судалгааны хүрээлэн, мэргэжлийн холбоод болон төрийн албаны байгууллагуудын 80 орчим төлөөлөл оролцож, харилцан санал солилцов.





















































