
УИХ дахь МАН-ын бүлэг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн ээлжит бүлгийн хуралдаанаа хийгээд өндөрлөлөө. За өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2 асуудал хэлэлцлээ.
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Батжаргал: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг дагалдан, 12 хуулийн төсөл хамт өргөн баригдсан. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар танилцуулж, гишүүдийн санал бодлыг сонсож, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн шатанд тус хуулийг илүү боловсронгуй болгох, өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож буй гишүүдийн санал, асуудлыг тодорхой, зөв зохицуулалттайгаар тусгах тал дээр анхааран ажиллахаар тогтлоо.
Хоёрдугаар асуудал нь УИХ-ын гишүүдэд зориулсан eparliament.mn платформын танилцуулга бөгөөд манай УИХ-ын Тамгын газраас бэлтгэн хүргэсэн болно. Энэ нь гишүүдийн цахим мэдээлэл ашиглалт, платформын боломжийг танилцуулах зорилготой юм. Өнөөдрийн хэвлэл мэдээллийн байгууллагатай уулзалтад манай намын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр, А.Ариунзаяа нар оролцож байна. Хэлэлцүүлэгт ГБХНХ-ын сайд Аубакир, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Д.Батбаатар нар мөн оролцож байна.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хууль нь анх удаа яригдаж буй асуудал биш бөгөөд урт хугацааны туршид хэлэлцэгдэж ирсэн. Нийгмийн даатгалын тогтолцоог олон давхаргат систем рүү шилжүүлэх, иргэдэд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх, үндэсний хуримтлалын системийг бий болгож, улс орны хөгжлийн томоохон төслүүдэд санхүүгийн эх үүсвэр болгон ашиглах, шимтгэл төлөгчдэд баталгаат өгөөж олгох зорилт энэхүү хуулийн гол үзэл санаа юм.
Мөн шимтгэл төлөгчдийн хуримтлуулсан хөрөнгө өвлөгдөх ёстой гэсэн зарчим олон жил яригдсан бөгөөд 2020 оны УИХ-ын бүрэлдэхүүн, 2023 оны нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн үед хуулийн ерөнхий үзэл баримтлал боловсруулсан. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн зарим зохицуулалтууд тодорхойгүй, нарийвчлан боловсруулалт шаардсан байгаа тул өмнө нь баталгүй үлдээсэн. Үндсэндээ 6 хуулийн төсөл өргөн мэдүүлснээс нэг нь батлагдалгүй үлдсэн байдаг.
Энэ хугацаанд холбогдох мэргэжлийн яам, агентлаг, санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагууд хамтран судалгаа, тооцоолол хийж, хуулийн төслийн хоорондын нийцлийг хангажээ. Одоо хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль 12 хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэгдсэн гэдгийг зориуд онцлон тэмдэглэж байна.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Энэхүү хууль нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт нийцүүлэн тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, ахмад настанууд болон иргэдийг олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болгох нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Монгол Улсад хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 135 орчим мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдаад байна. Ингэснээр 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн байна.
Гэвч өнөөг хүртэл энэхүү хуримтлалыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан. Тиймээс 130 гаруй мянган иргэний эрх ашгийг хамгаалах, цаашид нэмэгдэх хувийн нэмэлт тэтгэврийн сангийн үйл ажиллагааг эрх зүйн орчинд оруулах зорилгоор оролцогч талуудын санал, оролцоог тусган 11 бүлэг, 49 зүйл бүхий шинэчилсэн хуулийн төсөл боловсруулсан.
Хуулийн төсвийг ЗГ-ын хуралдаанаар 2026 оны 3 сарын 18-ны өдөр одоо хэлэлцүүлэн одоо дэмжүүлээд одоо УИХ-д өргөн барьсан байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой бол урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж байна.
НДШ нь татвар биш, харин иргэдийн нийгмийн баталгаа. Татвар бол тусдаа ойлголт. Чингис хаан банк, Капитал банкны өрийг барагдуулах ажил тууштай хийгдэж, 2025 онд нийт 20 орчим тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан.
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг үндэсний хэмжээний 4 найдвартай банканд байршуулж, бодлогын хүүгээс доошгүй буюу 15.11% хүүгээр НДШ-ийн зарим үлдэгдлүүдийг банкнууд дээр байршуулаад явдаг.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Батжаргал: Хувийн нэмэлт тэтгэврийн анхдагч хууль нь сайн дурын үндсэн дээр явагдах бөгөөд менежмент нь төрөөс ангид, бие даасан байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал юм. Тэтгэврийн сангийн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн тавигдах шалгуур, шаардлагыг хуульд тодорхой тусгасан бөгөөд тэдний үйл ажиллагаанд тавих хяналтыг санхүүгийн зохицуулах байгууллагууд хариуцан гүйцэтгэхээр зааж өгсөн.
Мөн хуульд тэтгэврийн сангийн засаглал, менежментийн асуудлыг ил тод, нээлттэй байлгах зарчмыг гол үндсэн зарчим болгон тусгасан. Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн сангуудаар дамжуулан үндэсний хуримтлал үүсгэж, тодорхой насны болзлыг хангангуут хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах боломжтой. Хуулинд хуримтлуулсан мөнгөний зориулалт, нэг удаа авах боломж, төвлөрсөн орлогын зохицуулалт зэрэг нарийн зохицуулалт багтсан.
Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанд нийт 52 гишүүн оролцсоноос танхимд 40 гишүүн, үлдсэн нь УИХ-ын даргын гадаад айлчлалд оролцож, цахимаар оролцлоо. Нийт ирц 76.5%, танхимын ирц 58.9% буюу ойролцоогоор 59%-тай байлаа. МАН-ын бүлгийн хувьд ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна. Ингэснээр 4, 5 дах өдрийн чуулганы хуралдаан хуваарийн дагуу үргэлжлэх боломжтой.
УИХ дахь улс төрийн хүчнүүд ард түмний сонголтыг хүндэтгэн, чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой. Тухайн асуудлаар санал зөрөлдөөн гарч болно, гэхдээ завсарлага авах зэрэг эрх зүйн зохицуулалт бий. Гэвч улс төрийн барьцаагаар бүлгээрээ суухгүй байх боломж, хууль эрх зүйн үндэс өнөөдөр байхгүй. Үндсэндээ зөвхөн хууль, Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд л чуулганы хуралдаанд суухгүй байх боломж бий. Ийм учраас бусад улс төрийн хүчнүүд чуулганд ирж, ёс зүйн өндөр хариуцлагаар оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна.
Т.Зузу
























































