
Монголчуудын ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичиг үсгээ сурталчлах, соёлын үнэт өвийг таниулах зорилготой “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улс орон даяар нэгдсэн зохион байгуулалтаар болдгоороо онцлог юм.
Энэ жилийн арга хэмжээ Улаанбаатар хотын төв талбай болон 21 аймаг, бүх сумдын төв талбайд нэгэн зэрэг өрнөж, ном, бичиг соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүргэнэ.
Арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, чиглэлийг салбарын яамнаас нийслэл болон орон нутгийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын байгууллагуудад хүргүүлэн, хамтран ажиллаж байна.
Номын үнэ цэн, уншихуйн соёл, үндэсний бичиг үсгийн өвийг түгээн дэлгэрүүлэх энэхүү соёл, гэгээрлийн баярт иргэд, уншигчид, хүүхэд залуусыг идэвхтэй оролцохыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас уриалж байна.
























































