
Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 2026-2028 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд Монгол улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтан салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, нийгмийн идэвхийг өрнүүлж хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Урлагийн наадам 2026”-г Улаанбаатар хотод энэ сарын 7,8-ны өдрүүдэд ОНӨААТҮГ-аас зохион байгууллаа. Энэ удаагийн урлагийн наадамд нийслэл Улаанбаатар хот болон бүсийн шилдэг 8 баг оролцсон байна.

Тодруулбал, "Булган Мээж” ХХК, “Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ , “Чандмань Баянхонгор” ХК, Багануур дүүрэг, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн зүүн бүсийн хамтарсан баг, Дорноговь аймгийн “Чандмань Илч” ОНӨХК, “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг баг болон Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ ийн багууд урлагийн 7 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Нэгдсэн дүнгээр “УСУГ” ОНӨААТҮГ-ын баг хамт олон тэргүүн байрыг эзэлж шилжин явах цомын эзэд боллоо. Наадмын хоёрдугаар байрт ОНӨААТҮГ 2-р байр эзэлсэн бол Дорноговь аймгийн “Чандмань Илч” баг 3-р байрт шалгарчээ.
Уг наадамд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын хамт олноос УСУГ-ын УДБҮА-ны оператор З.Цолмонгэрэл гоцлол хөгжмийн төрөлд нэгдүгээр байр, УСУГ-ын ЦБА ны ээлжийн техникч С.Бат-Ирээдүй гоцлол дууны төрөлд гуравдугаар байр эзэлжээ. Мөн тус газрын хамтлаг дуу, бүжиг, язгуур урлагийн багууд тэргүүн байрт шалгарсан байна.


Л.Баяр
























































