

Хэдхэн хоногийн өмнө Японы парламентын сонгууль болж Либерал ардчилсан нам ялалт байгуулсан билээ. Тэгвэл өчигдөр Ёсихико Нодагаар тэргүүлүүлсэн Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээрээ огцорсон байна.
Либерал ардчилсан намыг ялалтад хүргэсэн консерватив Шинзо Абэ шинэчлэлийн Засгийн газраа зарлаж, ерөнхий сайдаар суух л үлдлээ. Энэ мөч тун ойрхон ирээд байна хэмээн сайт бичжээ. Шинэ ерөнхий сайд Сангийн сайдад ерөнхий сайд асан Таро Асо, Эдийн засгийн сайдад Худалдааны сайд асан Акира Амари, Гадаад хэргийн сайдаар Ёрико Кавагути нарыг томилж магадгүй гэсэн таамаг гараад байгаа юм.
Шинзо Абэ нь тус улсын эдийн засгийг бэхжүүлэх болон төрийн зээлийг багасгахад шийдвэртэй арга хэмжээнүүдийг авна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Түүнчлэн 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунами болон цацрагийн дараа үеийн сэргээн босгох ажлын төлөвлөгөөг боловсруулна гэж амлажээ.
Д.Идэр