
Энэ өвөл зүүн Европын орнуудад их хүйтний улмаас олон хүн нас барж, байдал хүндэрч буйг мэдээлж байна. Тэр дундаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дийлэнхэд нь цочир хүйтэрч, цас их оржээ. Нэгдсэн дүнгээр энэ сар гарсаар зүүн Европт 220 хүн нас барсан байна. Үүнээс хамгийн их буюу 88 хүн ОХУ-д, тодруулбал Сибирьт нас барсан

ОХУ- ын хэвлэлүүдэд бичсэнээр Москва орчимд байдал арай дээрдэж эхэлжээ. Учир нь уг бүс нутгийг нөмөрсөн ер бусын хүйтэн Москва орчмын газар нутгийг орхиж Монголыг чиглэжээ. Хүйтэн агаар 10 хоногийн өмнө Москва орчмын газар нутгийг нөмөрч агаарын хэм -23 байсан аж. Гэхдээ өнгөрөгч 24-ний шөнө -28.3 хэмд хүрч дээд амжилт тогтоожээ. Хэдий тийм ч ОХУ-ын зүүн зүгийн нутгуудад агаарын хэм Москва орчмынхоос даруй -5 хэмээр доогуур байгаа юм. Тус улсын түүхэнд Москвад хамгийн хүйтэн шөнө 1907 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж байжээ. Тухайн үед -33.4 хэм хүрч байсан бол Москвагийн хамгийн дулаан өвлийн өдөр 1910 онд тохиож 3.1 хэм байв.