
Монгол Улс, Энэтхэгийн хооронд олон жилийн дараа шууд агаарын тээврийн холболт бий болж, “Хүннү Эйр” компани Улаанбаатар–Шинэ Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ.
Шинэ чиглэлийн анхны нислэг 2026 оны есдүгээр сарын 28-нд хөөрсөн бөгөөд нислэгийг цаашид долоо хоног бүрийн даваа гарагт хийхээр төлөвлөжээ. “Хүннү Эйр”-ийн албан ёсны хуваарьт Улаанбаатараас Шинэ Дели рүү хийх MR301 нислэг даваа гарагт 03:30 цагт хөөрч, 07:00 цагт Дели хотод буухаар бүртгэгдсэн байна. Харин Делигээс Улаанбаатар руу MR302 нислэг 08:00 цагт хөөрч, 16:00 цагт бууна. Цагийн хуваарь нь орон нутгийн цагаар тооцогдоно.
Шууд нислэгээр хоёр улсын нийслэлийг холбосноор аяллын хугацаа өмнөхөөс эрс богиносож, ойролцоогоор таван цаг болох юм. Өмнө нь Монгол, Энэтхэгийн хооронд зорчихдоо Бээжин, Инчон зэрэг гуравдагч хотод дамжин нисэх шаардлагатай байсан бөгөөд нийт аяллын хугацаа 13–18 цаг хүрдэг байжээ.
Энэтхэгийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр шинэ агаарын зам нь хоёр улсын хоорондын аялал жуулчлал, бизнес, эмчилгээний зорчилтыг нэмэгдүүлэхээс гадна ачаа тээврийн харилцааг хөнгөвчлөх боломжтой гэж үзэж байна.
Шууд нислэг нээх асуудлыг Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын удирдагчид хэлэлцэж байсан бөгөөд ийнхүү 2026 оны есдүгээр сарын сүүлчээр бодит ажил хэрэг болжээ.
Л.Баяр






















































