
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эхнэр хүүхдүүтэйгээ л өнгөрүүлнэ. Энэ жил бүр онцгой. Учир нь манайд шинэ хүн нэмэгдсэн. Бяцхан охины минь анхны шинэ жил. Тэгээд аав, ээж дээрээ очно.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Энэ оройг гэрийнхэнтэйгээ тэмдэглэнэ. Би айлын том. Дороо гурван дүүтэй. Тэд маань эхнэр, нөхөр, хүүхдүүдтэйгээ цугларч гэр бүлээрээ шинэ оноо угтдаг. Манай гэр бүл шинэ жил, наадам, цагаан сараар ингэж бөөнөөрөө цуглардаг уламжлалтай.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Шинэ жил бол цагаан сартай адилхан өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг хамгийн сайхан баяр. Тиймээс ч энэ баярыг хүлээж догдолдог. Бага байхдаа хэдэн хоногийн өмнөөс л бодоод хүлээдэг байлаа. Намайг бага байхад шинэ жилийн өглөө босоход гацуур модны дор аав, ээж хоёр бэлэг тавьчихдаг байсан. Би ч гэсэн хүүхдүүдээ тэгж л баярлуулдаг.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Шинэ жилийн оройг гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалттай. Манайд өнөөдөр ээж, аав хоёр маань ирнэ. Тэгээд махаа чанаад, салатаа хийж идээд шинэ оноо угтана даа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Энэ оройг гэртээ, зурагтаа үзээд л үднэ дээ. Зарим хүүхдүүд маань ирэх байх. Би гурван ач, зээтэй. Тэд маань өнөө орой ээж, аавтайгаа ирнэ. Зарим үед эхнэр бид хоёр хоёулхнаа шинэ жилээ угтдаг болоод байна. Би орой “Алтан сарнай”-д оролцоно. Тэгээд 21.00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирнэ дээ.
УИХ-ын гишүүн С.Оюун: Миний хувьд шинэ жилийн баяр хамгийн сайхан сэтгэлд дотно баяруудын нэг. Шинэ жилээр хүүхдүүддээ бэлгийг нь хамгийн түрүүн авдаг. Манайхан чинь шинэ жилээ их өргөн хүрээнд сайхан тэмдэглэдэг болж байна. Бүх л албан газрууд хамт олонтойгоо шинэ жилийн баяраа маш гоё тэмдэглэдэг. Гадны орнуудад бол шинэ жилийн баярыг зөвхөн гэр бүлийн баяр хэмээн ойлгож гэр бүлийн хүрээнд л тэмдэглэдэг.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)