
Сонгодог үлгэр болох “Цөмөөхэй”-н бүжгэн жүжиг жилдээ хоёрхон удаа ДБЭТ-д тоглогддог уламжлалтай. Гэхдээ энэ жил тоглогдох эсэх нь тодорхойгүй л байна. Урлагт дуртай бүсгүйчүүддээ зориулж Щелкунчикийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Анх Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиож байжээ. “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” гэх зэрэг алдарт баллетуудыг зохиосон Петр Ильич Чайковский тус үлгэрээс сэдэвлэн 1892 онд “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг бичсэн аж. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог. Харин хамгийн анх энэ балетыг Оросын Маринский театрын уран бүтээлчид амилуулж байсан бөгөөд манай улсад анх 1982 оны 5-р сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглож байжээ. Хоёр үзэгдэлтэй энэ балетын үйл явдлыг товчоор өгүүлвэл:
Дүрүүд:
Маша/Клара охин
Маша/Клара гүнж
Щелкунчик хүүхэлдэй
Щелкунчик ханхүү
Дроссэльмейр – хүүхэлдэйн мастер
Хархны хаан
Машагийн эцэг, эх
Фриц
Хүүхэлдэйнүүд, бусад дүрүүд
Үйл явдал 18 дугаар зууны сүүл үеийн Германы нэгэн буйдхан тосгонд өрнөнө.
Нэгдүгээр үзэгдэл
Зул сарын үдэш. Гайхалтай үзэсгэлэн төгөлдөр гацуур мод зассан байна. Зочид ээлж дарааллан ирсээр. Хүүхэлдэй урлагч ноён Дроссэльмейр ирж хүүхдүүд баярлана. Баярын үйл ажиллагаа эхэллээ. Хүүхдүүд аав ээжтэйгээ хөөрцөглөн, бүжиглэн наадаж байх зуур ноён Дроссэльмейр “ид шид”-ийн хүчээр хүүхэлдэйнүүдээ амь оруулан бүжиглүүлнэ. Дараа нь Дроссэльмейр самар цөмдөг нэгэн хүүхэлдэйг авч ирэхэд хэн ч түүнийг тоосонгүй. Хүүхэлдэй ганцхан Маша охинд л таалагдах бөгөөд тэврэн сууж байтал түүний ах Фриц зэрэмдэг амьтан хэмээн толгойг нь тасалж орхино. Болсон үйл явдлыг харсан Дроссэльмейр хүүхэлдэйг засаж Машад өгөв. Орой болж, үдэшлэг тарж зочид гэрлүүгээ харина. Асрагч эх Машаг өрөөнд нь оруулан унтуулна.
Зүүд
Шөнө дунд Маша бүгд унтсаны дараа хүүхэлдэйгээ шалгахаар явна. Тэнд очтол өрөөгөөр дүүрэн хулгана ирчихсэн, зул сарын гацуур модыг хулгайлахаар зэхэж байна. Цөмөөхэй хүний хэмжээтэй том болчихов. Хулганы хаан болон түүний хулганууд, Цөмөөхэй болон түүний тугалган цэргүүдтэй дайтаж байна. Тулааны эцэст Цөмөөхэй болон түүний цэргүүд ялж, гацуур модыг аварна. Зэрэмдэг дүр төрхтэй байсан Цөмөөхэйн хараал арилж царайлаг ханхүү болон хувирах мөчид Маша ч мөн адил үзэсгэлэнт гүнж болон хувирав. Ханхүү үзэсгэлэнт гүнжийг дагуулан шидэт ертөнцөд авчирна.
Хоёрдугаар бүлэг
Машагийн гайхалтай зүүд үргэлжилсээр. Маша, Цөмөөхэй хоёр луу хар хүчний сарьсан багваахай дайрна. Шидэт дохиурын ачаар хар дайсныг хөөн зайлуулж шидэт орон руугаа очно. Шидэт орныхон Маша, Цөмөөхэй хоёрыг баяр хөөр дүүрэн угтан авна. Дайсныг дарсан баатарт зориулан Испани, Араб, Хятад үндэсний гайхалтай бүжгийг бүжиглэнэ. Сүүлийн вальс бүжиглэсний дараа эргэн тойрон байгаа хүмүүс нэг нэгээрээ уусан алга болно. Хамгийн сүүлд Цөмөөхэй алга болоход Маша охин өөрийнхөө орон дээр сэрэх болно.
Та бүхэн балетыг анх тоглосон Марийнскийн театрын “Щелкунчик”-ийг бүтнээр үзэхийг хүсвэл доорх линкээр орж үзээрэй.