
Хэдийгээр, нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр явуулж, тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулж байгаа боловч хальтиргаа гулгаа, томоохон тэмдэглэлт баяртай холбоотойгоор түгжрэл үүсч иргэдийг бухимдуулсаар байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн механик өсөлт нэмэгдэж, өдөрт улсын хэмжээнд 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авч байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа юм. Иймээс буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар олон нийтээс санал асуулга явуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан санал асуулга явуулахаар болоо. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу хүрдтэй байна гэсэн судалгаа байдаг бөгөөд буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь жолооч нарт болон замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад оролцогч нарт хүндрэл учруулдаг гэж замын цагдаагийн газраас мэдээлж байгаа юм.
Баруун гарын дүрэмтэй манай улсын хувьд гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед үзэгдэх орчин ихээхэн хязгаарлагддаг ба энэ нь зам тээврийн осол гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Тиймээс цаашид буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг хилээр оруулахгүй байх талаар УИХ болон Засгийн газрын хүрээнд бодлогын чанартай хэд хэдэн баримт бичиг боловсруулсан байна. Өнөөдөр /2013 оны 1 дүгээр сар 3/ 12 цагаас эхлэн Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөс мобикомын хэрэглэгчдийн дунд санамсаргүй сонгогдсон 100 мянган хүнд мессеж илгээх бөгөөд та хариу мессеж илгээн энэхүү судалгаанд оролцож саналаа илэрхийлэх боломжтой юм. Хэрвээ буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг Ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал дэмжих үү гэсэн асуулай энэхүү санал асуулгат идэвхитэй оролцож, нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа шийдвэрт өөрийн байр сууриа илэрхийлээрэй. Мөн нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200 утсаар болон, ub1200.mn цахим хуудас, нийслэлийн албан ёсны facebook, твиттерт нэгдэж саналаа илэрхийлж болох юм. Зөвхөн иргэдийн саналыг үндэслэн хотын удирдлагууд аливаа шийдвэрийг гаргах болно гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (19)