

Хомхой сэтгэл, хоёр хуруугаа ашиглаж халаасанд байгаа хамаг л сайхан бүхнийг авчихдаг хулгайчдыг бид эрхлүүлсээр иржээ. Шоронд хориод нэг мөсөн цэвэрлэе гэхээр нэлээд олон залуу хүн торны цаана орно. Сануулж, анхааруулаад, захиргааны арга хэмжээ авсаар ирсэн ч “Арван там”-д унах хүний тоо буурахгүй байна. Там гэж тодотгосон нь учиртай. Хэрэгтнийг олох гэж хөөцөлдөөд цаг, мөнгөө үрэхийг хүсдэг хүн одоо ховор болжээ. “Гарлагын үүд ингэж нэг хаагдлаа”, “Би угаасаа хаях гээд байсан юм аа”, “Ингэх л тавилантай байж” гэх зэргээр өөрийгөө тайвшруулаад өнгөрнө. Энэ л мухар сүсэг дээр нь дөрөөлж нөгөө олон суйлаач улам урамтай ажилладаг биз.
Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд Халаасны хулгайтай тэмцэх тасаг гэж бий. 2012 оны тооцоо гараагүй байгаа ч 2008-2011 оны хооронд улсын хэмжээнд 418 халаасны хулгайн хэрэг бүртгэгдсэн гэнэ. Хэтэрхий бага тоо шиг санагдаж байна уу? Цагдаад мэдэгдэж, дагаад явж байхаас төвөгшөөсөн хүмүүс алдсан зүйлээ гаргуунд нь хаядаг. Харин зарим нь олсон, гээсэн бичиг баримт зуучлалын утсанд бүртгүүлээд иргэний үнэмлэх минь олдвол зол гээд хүлээж суудаг байна. Гэм хийсэн хүүхэддээ шан хүртээхээ мэддэг мөртлөө хулгай хийсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж бид боддоггүй. Гэтэл цаана чинь нөгөө хулгайч “Ажил хийвэл ам тосдоно” гээд л амьтны халаас руу өнгөлзөж явна. Тэдэнд хэрэг хийвэл хуулиар шийтгүүлдэг болсныг ойлгуулах ёстой.
Олон улсын эрх зүйн стандартад хүнийг хэрэг хийснийх нь төлөө заавал шоронд хорихоос илүү бурууг нь хэлж, ухааруулахыг чухалчилдаг. Толгой дараалан хорьчихвол шоронгоос гарч ирэхдээ нэгэнт ялтан гэх нэр зүүсэн хойно юу ч хийхээс сийхгүй нэгэн болдог гэнэ. Тэгвэл монголын “үндэсний” хулгайчдад ухаарал, сануулга нь ял завших сайхан боломж юм. Хулгай хийгээд цагдаад баригдвал хохирлыг төлнө, өчигдрийнхөө орлогоос хэдэн төгрөг торгуульд өгнө. Харин баригдахгүй бол тэр чигтээ. Маргаашийнх нь амьдрал мөн л ийм янзаар өрнөнө.

2012 оны сонгуулиас өмнө монголчууд саналаа өгсөн, өгөөгүйг будаг түрхэж баталдаг байлаа. Долоовор хурууны хумсны толион дээр будуулсан бол сонгуульдаа оролцсон, үгүй байвал явж саналаа өг гэнэ. Хөдөөний малчид хонио бусдынхаас ялгахын тулд хондлой дээр нь будаг түрхдэг мэргэн хэлбэр тэр чигээрээ энэ мөн. Жаахан болхидуу асан сонгуулийг шинжлэх ухаан, технологийн дэвшлээр өнгөрсөн жил шинэчилсэн нь сайшаалтай. Гэхдээ дээрх будгийг бүр мөсөн орхиж, мартаж болшгүй.
Халаасны хулгай хийгээд баригдсан нөхрийг хувинтай будагт гарыг нь дүрвэл хэсэгтээ л хулгай хийхгүй санаа амар. Бээлий өмсөөд далдалчихдаг юм бол тохой хүртэл нь дүрэхэд гэмгүй. Энэ будгийг олон улсад таних нэр нь сонгуулийн бэх, мэргэжлийн хэллэг нь будагч бодис. Химийн олон элементийг хооронд урвалд оруулж түмэн янзын будагч бодис гаргаж авдаг байна. Хүнсний, даавууны, байгалийн, химийн гээд төрөл бүрийн бодисууд дотроо үр дүнгээрээ өөр өөр. Сонгуулийн бэх нь мөнгөний нитритийн агууламжаас хамаарч “хадгалагдах” хугацаа нь уртасдаг. Доод тал нь 72-96 цаг чанараа барьдаг байхад дээд хязгаар нь 2-3 долоо хоног. Энэтхэгт гэхэд хумсыг нь будчихад шинээр ургахаас өөрөөр арилгах боломжгүй будаг хэрэглэдэг гэнэ. Хүний хумс дөрвөн сар болж байж бүрэн шинэчлэгддэг. Тэгэхээр өнөөх “урт хуруутнуудыг” ийм бодисоор будчихад 3-4 сардаа хийх ажилгүй байх бололтой.
Арилдаггүй бодисоор гар, хуруу нь харлачихсан хүн байвал түүнийг хулгайч гэж мэд, сэрэмжил. Харин химич эрхмүүд хулгайчдад будгийг хэрхэн арилгах аргыг бүү хэлээрэй. Нууцыг задруулахгүй байх нь энгийн иргэдийг шулж, хөдөлмөрийг нь мөлжиж, утгаар нь дарлаж байгаа “уран” хуруутай нөхдөөс нийгмээ хамгаалах үйлс гэж сана.
Аливаа баяр ёслолын үеэр хулгайн хэрэг даамжирч, эрчимждэг. Энэ удаагийн он солигдох баяраар ч мөн “уламжлалаа” дагалаа. Баярын өдрүүдэд хулгайн 42 хэрэг гарснаас халаасны болон орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байлаа гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдэгдлээ. Хэрэв хулгайчийн гарыг харлуулдаг болчихвол хамгийн их хулгай гардаг үндэсний их баяр наадмаар санаа амар явж чадна. Халуунд бээлий өмсөх боломжгүй, ханцуйтай цамц байнга өмсч чадахгүй шүү дээ.
Саяхан халаасны хулгайчид “iPhone 4S” утсаа алдчихсан нэг хүнд дээрх санааг хэлтэл тэрээр “Нүүрэн дээр нь ХУЛГАЙЧ гэж томоор шивбэл таарна” гэх хорслын үгээр хариулж байлаа. Халаасандаа хавхтай явмаар юм уу гэсэн хошин санааг ч гаргав. Хамгийн гол нь хүн хичнээн болгоомжтой байлаа ч дайны нөхцөлд байгаа мэт байнга сэрэмжлэх боломжгүй. Хулгайчийг торгоод, загнаад явуулдаг биш түүнийг өөрөөсөө ичдэг болгох, дахиж буруу үйлдэл хийх бололцоог хязгаарлах нь зөв.
Харласан дотортой хулгайчдаас хүүхэд, эмэгтэйчүүд, оюутан, өвөө эмээ, ажилчин олноо хамгаалахын тулд “хар гарыг” нь жинхэнээсээ харлуулаад өгье. Улсын нийт халаасны хулгайчийн ихэнх нь нийслэлд байдаг. Тэдний тоог албан ёсоор тогтоогоогүй ч 700 гаруй гэх батлагдаагүй баримт бий. Гэхдээ л энэ тоо ч бас бага санагдах биз ээ. Шинэчлэлийн 2012 оныг үдэж шинэ жилтэй бид золголоо. 2013 оноос хойш шинэ аргаар түмэн олон хулгайчтайгаа тэмцье л дээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (12)