
Хэдийгээр ЭМЯ-наас томилогдсон эмч нар улсын эмнэлэгт яаралтай шилжүүлэх шаардлагатай гэсэн боловч Нийслэлийн прокурорын газраас 2002 онд батлагдсан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 313/316 тушаалаар баталсан журмын дагуу түүнийг шилжүүлэхгүй гэсэн юм. Уг журамд “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг төрөлжсөн үйлчилгээний төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” хэмээн заажээ. Тиймээс энэ заалтын дагуу хорих анги Н.Энхбаярыг шилжүүлэх боломжгүй гэсэн билээ.
Мөн Н.Энхбаярыг шилжүүлэх боломжгүй тул Клиникийн хоёрдугаар эмнэлгийн эмч нарыг хорихын эмнэлэгт очиж, Н.Энхбаярт эмчилгээ үзүүлэхийг шаардсан ч тус эмнэлгийн эмч нар Н.Энхбаярт эмчилгээ хийхгүй хэмээн мэдэгдсэн юм. Учир нь тэд “Бид өдөр болгон олон цагаар хорих яваад байвал хоёрдугаар эмнэлэгт байгаа үндсэн өвчтөнүүдээ эмчилж чадахгүй болно. Тэгэхээр хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн ар гэр гомдоллоно. Тэгэхээр бид очих боломжгүй. Харин манай эмнэлэгт шилжүүлэн авчирвал эмчилгээг нь үргэлжлүүлнэ” гэсэн билээ.
Тиймээс Н.Удвал сайд Н.Энхбаяр даргыгаа аврах дараагийн алхамаа хийжээ. Тэрээр дээрх журмыг хүний амьд байх эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн үзэж, өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчилсөн хүсэлтээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүргүүлжээ. Харин одоогоор Х.Тэмүүжин сайдаас ямар нэгэн хариу ирээгүй байгаа юм байна. Хэрвээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс хариу ирвэл энэ журам шинэчлэгдэж, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрдугаар эмнэлэг рүү шилжин эмчлүүлэх боломжтой болох аж.
Юутай ч Н.Удвалыг Эрүүл мэндийн сайд болсноороо Н.Энхбаяр даргыгаа мартлаа, Н.Энхбаяртой холбоотой телевизийн нэвтрүүлэгт орохоос ч татгалзсан гэх яриа гараад байсан нь худал боллоо. Тэрээр уг нэвтүүлэгт ажлын нөхцөл байдлаас болж ороогүй юм байна. Учир нь хотоос зайдуу явсан учраас цагтаа амжиагүй байжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын хорихын эмч нараар эмчилгээ хийлгэхгүй байгааг итгэл нь алдарсан хэмээн Н.Удвал сайд үзэж байгаа аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (27)