Өнөөдөр 17:00 цагт Дж.Пуччини "ЧИО ЧИО САН" дуурийг УДЭТ-т тоглох гэж байна. Хоёр бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн удирдаачаар Н.Туулайхүү ажиллах бол найруулагчаар АЖ Х.Уртнасан ажиллажээ. Анх 1904-2-17-нд Миланы театрт тоглогдож байсан уг дуурь манай тайзнаа 1967-4-17-нд анх тавигдаж байсан юм. Өнөөдрийн Чио-Чио-Сан "эрвээхэй хатагтай"-д С.Мөнгөнцэцэг тоглоно.
Сузуки /зарц эмэгтэй/ меццо-сапрано-М.Дариймаа СТА
Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/ тенор-Г.Шижирболд
Шарплес /Нагасакид суудаг АНУ-ын элчин/ баритон-М.Болд МУГЖ
Горо / зууч/ тенор-М.Даваадорж
Бонза /Чио-Чио-Саны ах лам/ бас-Э.Бумхүү СТА
Ямадори тайж тенор-А.Сайнбаяр СТА
Комиссар баритон-Б.Алтанхуяг
Кет /Пинкертоны эхнэр/-Д.Туяа СТА
Зарц, дамнуурчин -П.Батгүн, Б.Баатархүү нар тоглох юм.
Үйл явдал XIX зууны сүүлээр Нагасаки хотод болно.
Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч Пинкертон, Япон бүсгүй Чио Чио Сантай гэрлэснийхээ дараа амьдрах байшингаа үзэхээр иржээ.
Америкийн консул Шарплесыг ирэхэд Пинкертон япон бүсгүйтэй гэрлэх болсон тухайгаа хэлнэ.
Энэ үед Чио Чио Сан найз хүүхнүүдээрээ хүрээлүүлэн гарч ирэв. Консул бүсгүйг хүндэтгэн яриа өдөхөд Чио Чио Сан өөрийнхөө гунигт бага насны тухай сэтгэлээ нээн ярьж, бас Пинкертонтой гэр бүл болсноо баяр хөөр болгон өгүүлж байтал бүсгүйн хамаатан болох лам Бонза ирэв. Бонза, Чио Чио Саныг шашин бурхнаас урван тэрсэлсэн, шившигт эм хэмээн хараан загнаж баярт уригдаж ирсэн олныг хөөн тараав.
Пинкертоны Японд байх хугацаа дуусч нутагтаа буцсанаас хойш гурван жил өнгөрчээ. Чио Чио Сан янаг хүү нь явахдаа эргэж заавал ирэхээ амласныг дурсан санаж, яаж ирэхийг нь хүртэл Сузукидээ:
Анхилуун цэцэг шиг янаг минь
Ариун бяцхан бүсгүй минь гээд
Энэрэн хайрлаж дууддагсан
Ядрах цаг эцэс болж
Яасан ч тэр минь ирнэ хэмээн дүрслэн ярина.
Их бууны дуун гарч, боомтод хөлөг онгоц орж ирснийг мэдэгдэнэ.
Хөөрхий Чио Чио Сан догдлон хөөрч, Сузукийг хамгийн сайхан цэцэг түүлгэхээр явуулж, хувцсаа сольж, үсээ янзалж хүүгээ дэргэдээ суулгаад, хүлээлээ... Үүр цайж наран мандлаа. Чио Чио Сан шөнө өнгөрч шинэ өдөр эхэлснийг ч мэдэхгүй Пинкертоноо хүлээсээр...
Шарплес Пинкертон хоёрыг ирэхэд Сузуки баярлан угтаж, эзэгтэй нь нөхрөө хэрхэн хүлээж, гэр орноо хүртэл амьд цэцгээр чимснийг сэтгэл хөдлөн ярьж байтал цэцэрлэгт зугаалах нэгэн гоё хатагтайг гэнэт харж дуугүй болов. Тэд хүүхдийг нь авахаар иржээ. Сэтгэл нь хямарсан Чио Чио Сан тэднийг нэг цагийн дараа ирж хүүхдээ авахыг хүсээд, бурхныхаа өмнө сөхрөн сууж гэмээ наминчлаад хананд өлгөөтэй хутгыг авах эгшинд үнэнч Сузуки хүүг нь түлхэн оруулав.
Эх хутгаа алдан хонгор үрээ тэврэн энхрийлнэ. Гэвч түүний шийдвэрт юу ч саад хийж чадахгүй болжээ.
…..Дөлгөөн харцаараа хүү минь
Ээжийгээ сайн хараарай
Ахиад хэзээ ч уулзахгүй
Ээжийгээ битгий мартаарай
Сүүлийн удаа хүүгээ тэврэн үнсэж өрөө рүү нь оруулаад
“Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн
Ариун нэртэй үхнэ “ гэсэн үг бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорооно.

















































