Монголчууд үзэл бодлоосоо болж үе, үе хуваагдчих гээд байдаг зантай. Улс төржих өндөр "чадвар"-ынхаа ачаар Н.Энхбаярыг дэмжигсэд ба бусад, буруу рультэй ба зөв рультэй машин унагсад гэх зэргээр хуваагдчихдаг. Тэгвэл энэ удаа Төмөр замын асуудлаас болж бас л хоёр тийшээ хараад суучихлаа. Нүүрсийг олборлохоос илүү тээвэрлэх асуудал чухал гэдэг үнэн. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг зүйр үг энд таарч байх шиг. Үүнийг улс төрчид ойлгосон ч сав нь хэтэрхий үнэтэй бас ашигтай болохоор хэрүүлийн алим болгож орхилоо. Үнэндээ Төмөр зам барьж эхлэх ажид засгаас нэг ч төгрөг өгч эхлээгүй юм билээ. Зам тээврийн дэд сайд Б.Батзаяа "2011 оны 8 сарын 31-нд 55 сая ам.доллар олго гэж шийд гарсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг олгогүй байна. Хүүхдээ талх аваад ир гэж мөнгө өгөхгүй гаргачихаад талх хаана байна гэж зэмлэж, загнаж болохгүй..." хэмээн бухимджээ. Өмнө нь Х.Баттулгыг энэ салбарын сайд байхад хятад, солонгосчуудтай нийлж Төмөр зам байгуулах нууц гэрээ байгуулсан гэх шуугиан тарьж, Ц.Нямдорж гишүүн шүүхэд дуудагдсан. Шүүх Ц.Нямдоржийг бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн хэмээн уучлал гуйхыг шаардсан ч ийм зүйл болоогүй л байна. Гэтэл үргэлжлүүлээд М.Энхсайхан ба Х.Баттулга гэсэн хэрүүлийн алим төмөр замын асуудлыг тойрох боллоо. Эдийн засагч Д.Дашзэвэг "Монголчуудын хэрүүлээс болж төмөр замд оруулсан мөнгөө мөд эргүүлж авч чадахгүй нь гэж гадныхан бодож эхэлнэ. Эрсдлйн хувь нэмэгдэнэ" гэжээ. Гадныхан энэ хэрүүлийг анхааралтай ажиглаж байгаа бол монголчууд хэнийх нь зөв эсвэл буруу вэ гэдэгт толгой нь эргэжээ. Нарийн цариг, бүдүүн цариг гэсэн мэргэжлийн үг хэллэгийг тэд улс төрийн хэлээр орчуулж буулгаад байгаа болохоор тэр төмөр замын жинхэнэ эзэд болох иргэд ойлгож ухахгүй байгаа юм. М.Энхсайхан Х.Баттулгыг төмөр замын бодлогыг эхлүүлсэн хүн гэдэг утгаар, цаашилбал Зам тээврийн сайд А.Гансүх түүний гарын аясаар хөдөлдөг тул халз мэтгэлцээнд дуудсан гэдгээ тайлбарласан. Хэрэв Х.Баттулга үүнийг нь хүлээж авсан бол хэн нь "Чи мэдэхгүй л дээ" гээд баахан учир нь олдохгүй үг, хэллэгээр бөмбөгдүүлээд сууж байж ч мэдэх. Баахан хэлэлцүүлэг өрнүүлж, шуугиулж байгаад гэнэтхэн шийдчихсэн, буруу зөв нь үл мэдэгдэх шийдвэр гаргачихсан байдаг тийм жишиг бий. Уул уурхайгаас илүү мөнгөний "хүүдий" гэгдээд буй төмөр замыг хэрүүлийн "алим" болгох хэнд ашигтай вэ гэвэл аль нэг улс төрчид ашигтай. Тиймээс нарийн цариг, бүдүүн цариг гэдэг уралцаад байгаа тэр мэргэжлийн ойлголтыг улс төрийн хэлээр орчуулахаа болиод эрдэмтдийн үгийг сонсох хэрэгтэй болжээ.
Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (16)