Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Биеийн байдал нь муу байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих ангийн эмнэлгээс сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гарсан тухай мэдээлэлд тэрбээр тайлбар өгсөн юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмнэлгийн 50 ортой тасгийг онц, хүнд гэмт хэргээр ял эдэлж байгаа өвчтөнүүдийг эмчлэх тасаг болгох тухай тушаал гаргасан нь үнэн аж. Энэ тасагт нарийн эмчилгээ шаардлагатай байгаа 20 хоригдлыг хэвтүүлэн эмчлэхээр шийдвэрлэж, эхний ээлжинд хоёр өвчтөнг яаралтай шилжүүлэхээр болсон байна. Харин хэвлэлүүдийн бичиж байгаачлан МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр энэ дунд байхгүй аж. Түүнийг хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэх эсэхийг шийдээгүй байгаа гэж Х.Тэмүүжин сайд мэдэгдлээ. Тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага аль нэг намын дарга Н.Энхбаярыг бусад хоригдлоос ялгаатай хандаж болохгүй. Монгол Улсын долоон мянга гаруй хоригдлын адил л байх хэрэгтэй. Хүн л бол хүн. Өөр ямар ч зарчим үйлчлэхгүй. Бид хуулийн дагуу хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байсан ялтнаа шоронд нь аваачсан. Өлсгөлөн зарлаж байгаа эхчүүд хоёр шаардлага тавьж байгаа юм билээ. Нэгдүгээрт нь, Н.Энхбаяр даргыг хоёрдугаар эмнэлэгт хэвтүүл гэсэн шаардлага. Гэхдээ миний хаяг дээр ийм шаардлага огт ирээгүй. Хоёрдугаарт нь, Н.Энхбаярыг шоронгоос суллах гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ. Энэ шаардлагыг биелүүлэх ямар ч боломж байхгүй. Шүүхийг шийдвэрийг өөрчлөх эрх хууль зүйн сайдад байхгүй. Хууль бус тавьж байгаа дээрх шаардлагад хуулийн дагуу л хандана. Хэн нэгэн хүнийг бусдаас ялгахгүй. Нэг ёсондоо 1992 онд баталгаажсан Үндсэн хууль хэрэгжиж байна” гэв.


















































Сэтгэгдэл (29)