Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Б.Обама ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, албан ёсоор ажлаа хүлээж авна. 11-р сард болсон сонгуулийн ялалтыг нь түүнтэй олон мянган хүн хуваалцсан. Харин өнөөдөр түүний тангаргаа өргөх Цагаан ордны гадаа 800-900 мянган хүн цуглараад байгаа тухай CNN мэдээллээ. Б.Обамаг дөрвөн жилийн өмнө ерөнхийлөгчийн тангараг өргөж байхад 1,8 сая хүн он-лайнаар үзэж байжээ. Харин энэ тоо өнөөдөр улам өснө хэмээн ажиглагчид таамаглаж байна. Өчигдөр Б.Обама дэд ерөнхийлөгч Жой Байдены хамт Цагаан ордны хүндэтгэлийн хөх танхимд библи дээр гараа тавин тангараг өргөсөн. Энэ үеэр тэдний гэр бүлийнхэн байсан бол Улаанбаатарын цагаар 19 цагт болох ёслолд олон мянган америкчууд оролцох юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, цуврал аллага, "Wall street"-ийн хөдөлгөөн, Синди хар салхи гээд олон савалгаатай, бэрхшээлтэй асуудал тулгарсан. Гэсэн ч энэ бүгдийн ард Б.Обама ерөнхийлөгч хэвээр үлдсэн тухай Америкийн хэвлэлүүд бичиж байгаа. Ямартаа ч арьс өнгөөр ялгаварлан гадуурахыг эсэргүүцэж, шинэ ертөнцийн хаалгыг нээсэн Мартин Лютер Кингийг дурсах өдөр тэрбээр тангараг өргөж байгаагаараа онцлог юм. Тангараг өргөх ёслолын ажиллагааны дараах хүндэтгэлийн тоглолтонд Б.Обамаг сонгуульд дэмжсэн дуучин Бионсе, Кэти Перри нар оролцох аж.

















































