Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Н.Энхбаярын эргэн тойронд болж буй бүх асуудалд тайлбар хийж, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг янз бүрийн шалтаг хэлэн ялаас мултрах гэж байна хэмээн олон нийт хардаг. Тодруулбал, Н.Энхбаяр эхлээд ял эдлүүлэхээс хойшлуулах журамд өвчнөөр чөлөөлөгдөхөөр завдаж байв. Гэвч энэ нь бүтээгүй юм. Учир нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ялаас өвчнөөр чөлөөлөгдөх жагсаалт бусад орны жишгээр явж байгаа юм байна. Энэ жишиг дээр нэмж тодорхой өвчнүүдийг оруулах сонирхлоо илэрхийлжээ. Харамсалтай нь хуулийн байгууллагууд амь насанд нь аюул учруулдаггүй, одоогийн хорих байгууллагын эмнэлэгт эмчлэх хангалттай боломжтой учир жагсаалтад өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариу өгч байсан аж.
Түүний дараа онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг гадагш гаргаж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэхийг хязгаарласан журмыг иргэний Үндсэн эрх зөрчиж байна хэмээн ялаас мултрахыг оролдов. Гэвч энэ шийдвэрийг хэрэгжүүлж хоригдлуудыг эмчлүүлэх гэтэл хүлээн авах эмнэлэг олдоогүй юм байна. Тиймээс хоригдлуудаа хүлээн авах эмнэлгээ бэлдээгүй учир журмаа өөрчлөх хараахан боломжгүй байжээ.
Түүнчлэн Н.Энхбаярыг суллуулах, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавьж цөөнгүй эх өлсгөлөн зарлаад байна. Харин тэдэнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “МАХН-ын байранд ээжүүд өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байгаа. Харин тэдний тавьж буй шаардлагын хуульд нийцсэн хэсгийг нь биелүүлсэн тул өлсгөлөнгөө зогсоохыг хүсч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр дундаа хорих ял эдлүүлж байгаа байгууллагад аль нэг намын дарга Н. Энхбаяр, эсвэл гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэх ойлголт байхгүй. Харин шүүхээс ял явсан ялтан Н.Энхбаяр гэдэг ойлголт бий. Шүүхийн бүх шатандаа Н.Энхбаярын иргэний давж заалдах эрх бүрэн хангагдаад Дээд шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай гэдэг нь тогтоогдон ял эдлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдэж ирсэн. Улмаар Монгол Улсад ял эдэлж байгаа 7000 гаруй хоригдлын нэгэн адил ялээ эдэлж байна” гэв.
Ийнхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Н.Энхбаярын талаарх тайлбарыг хийж байхдаа “Хууль зүйн сайдын хувьд, шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд ард иргэдэд, тухайлбал тодорхой нэг хүний төлөө шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр шахалт үзүүлж байгаа хүмүүст албан ёсоор мэдэгдэж байна. Гэхдээ харамсалтай нь Н.Энхбаяртай холбоотой асуудлаар дан ганц иргэдээс гадна эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж, одоо ч гэсэн шахалт дарамт үзүүлж байна” гэлээ.
Хэдийгээр яг хэн гэдгийг нь зарлаагүй ч тэрээр өөрт нь дарамт шахалт ирж байгаа талаар мэдээллийнхээ төгсгөлд дуулгасан юм.


















































Сэтгэгдэл (29)