Төрийн нууцын жагсаалтыг батлах тухай хуулийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал тун ширүүн боллоо. Энэ хурлаар иргэн хүний овог нэр, гэрийн хаяг, гэрлэлтийн байдал, эцэг тогтоосон байдал, гадаад улсын зорчсон шилжсэн байдал гэх зэрэг 10 орчим мэдээллийг төрийн нууцын жагсаалтыг гаргах эсэх талаар хэлэлцсэн юм. Хуулийг санаачилсан ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн хэлснээр энэ нь иргэдийн мэдээллийн нэгдсэн сантай болох мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг чирэгдэлгүй болгох зорилготтой аж. Гэсэн Б.Батчимэг, Р.Гончигдорж, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр зэрэг гишүүд энэ нь хувь хүний нууцад халдаж байгаа хэрэг хэмээн дахин сайн ярилцах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс Төрийн нууцын жагсаалтын асуудлаар байнгын хорооноос 3 хоногийн завсарлага авлаа. Мөн ухаалаг иргэний үнэмлэх уншуулах ямар машин оруулж ирсэн талаар мэдээлэл авахыг хүссэн юм. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин "Бид эхлээд сайтар танилцаж байж зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Хувь хүний нууц гэдэг бол үндэсний аюулгүй байдал. ИБЕГ-т гэхэд иргэдийн ямар, ямар мэдээлэл байдаг вэ? Яг ямар шаардлагаар дээрх мэдээллийг ил болгх хэрэгтэй зайлшгүй шаардлагаа албан бичгээр хүргүүлнэ үү гэлээ. Шударга ёс эвсэл ч мөн ирэх даваа гарагийн хурал дээр энэ мэдээллийг сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

















































