УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу МАН-ын залуучууд зарим лидерүүдээ намаасаа хөөх ёстой хэмээн ярьж яваа. УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдсанд тэд буруутай гэхийн зэрэгцээ жирийн гишүүд нь тэдэнд итгэл алдарсан хэмээн Ц.Нямдорж, С.Баяр, Сү.Батболд, Г.Занданшатар,Т.Бадамжунай,Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, У.Хүрэлсүх, М.Энхболд нарыг нэрлэсэн юм. Тэрбээр "Намын үүрүүдээр явахаар манай намын гишүүд, дэмжигч иргэд дээрх хүмүүст дургүй байдаг юм байна лээ. Тиймээс энэ улсуудыг намаасаа гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг байнга илэрхийлдэг. Өчнөөн олон жил ард түмний буян, дэмжлэгээр ханаж цадталаа идэж уулаа. Ялангуяа Ц.Нямдорж больчих хэрэгтэй шүү дээ. Одоо залуучуудаа гаргаж ирэх цаг болсон. Энэ намыг ил тод болгож, цэвэрлэмээр байна" гэжээ.Гэтэл хэвлэлээр ингэж ярьж яваа нь түүний хувьд харин ч эсрэгээр эргэж Ш.Сайхансамбуу намынхаа удирдлагуудыг хөөх биш, харин өөрөө хөөгдөх дээрээ тулаад байгаа аж. Учир нь түүнийг яахаараа дураараа ингэж олон хүнийг хөөнө гэж дуугардаг юм, жирийн гишүүдийн өмнөөс худал түүх зохиож ярилаа гэж намын удирдлагууд нь шүүмжилжээ. Ш.Сайхансамбуугийн хэлснээр түүнийг уулзъя гэхээр өмнө нь УИХ-ын танхимд мөр зэрэгцэн сууж байсан нөхдүүд нь нүүр буруулж, уулзахаас цааргалах болсон байна.
Ш.Сайхансамбуугийн хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд намынхаа Бага хурлаас нэр дэвшиж, чадаагүй. Зохион байгуулалттайгаар өөрийнх нь нэрийг унагаасан гэж ярьдаг. Шинэ Засгийн газар байгуулагдвал Засгийн газарт орж, сайдын суудалд суух хүсэлтэйгээ ил тод хэлж байсан ч АН гарч, хүсэл нь биелээгүй. Бүр сонгуулийн өмнө намынхантайгаа муудалцаж, Я.Содбаатар гишүүн рүү буруу гаргасан гэх батлагдаагүй яриа ч тэнэж байлаа.
Гэхдээ тэрбээр одоо Нийслэлийн МАН-ын дэд дагаар томилогдон залуучуудтай их ойр ажиллаж байгаа юм. Харин үүнийгээ далимдуулж залуучуудын нэрийг барьж удирдлагуудаа хөөнө, хална гэж ярьж яваа нь таалагдахгүй байгаа аж. Яг хэн Ц.Нямдорж, С.Баяр нарыг хөөнө гэж хэлсэн бэ гэж асуухаар түүнд хариулах нэр байхгүй. Учир нь түүнийг "залуучууд" гэсэн нэрийн доор өөрийнхөө л санааг хэлээд яваад байгаа гэж үзэх хүн олон байгаа гэнэ. Тиймээс юун Ц.Нямдорж, С.Баяр нарыг хөөх, өөрөө хөөгдөх дээрээ тулжээ. МАН-ын олон дарга нар ажилгүй болсон энэ үед бизнесмэн Ш.Сайхансамбуу бас хэдэн нөхдийг ажилгүй болгохоор шийдсэн нь бүтэхгүй болжээ.
Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (15)