
Оюутолгойн ордыг монголчуудад ашигтай болсон эсэх талаар ширүүн маргаан өрнөөд байгаа. Гэрээг баталсан хуучин Засгийн газрын сайд С.Баярцогт монголчуудад үнэхээр ашигтай, "гайхамшигтай" гэрээ болсон гэж дүгнэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллүүд ашигтай биш харин ч алдагдалтай гэрээ болсон гэж үзэж байгаа. "Оюутолгой" компаний захирлууд энэ талаар нээлттэй мэдээлэл өгөхгүй, Татварын Ерөнхий газраас мэдээллээ өг гэхэд шаардлагыг биелүүлэхгүй байгаа гэж С.Ганбаатар гишүүн мэдээлж байсан. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт нь 4.4 тэрбум
ам.доллар байсан. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 6.7
тэрбум ам.доллар болгочихоод байгаа. Зөрүү нь 2.3 тэрбум ам.доллар. Тиймээс бид
яагаад анхны хөрөнгө оруулалт ингэж нэмэгдсэнийг тайлбарлахыг шаардаж
байгаа" гэсэн юм. Монголын Засгийн газартай ярилцалгүй анхны хөрөнгө оруулалтай нэмж байгаа нь монголчуудаас асуухгүй ирээдүйн өрийг нэмж байна гэсэн үг юм. Тиймээс Ерөнхий сайд Оюутолгой энэ зардлаа тайлагнахгүй бол хамтарч ажиллах боломжгүй гэж мэдэгдлээ. Энэ дагуу Оюутолгойн удирдлагууд ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр Засгийн газартай ярилцаж, хэлэлцээр хийхээр болжээ.
Сэтгэгдэл (5)