УИХ-ын гишүүд саяхан шинэ, хуучин гэдгээрээ нэгнийгээ эрэмбэлж харьцдаг байсан нь одоо л номондоо орж байна. Зарим хуучин бууны хугархайнууд шинэ гишүүдэд дээрэнгүй хандаж байгааг хэвлэлийнхэн харсан ч тэр болгон бичиж, яриад байдаггүй байлаа. Харин одоо байгуулагдаад олон сар болсон УИХ-ын дотор энэ зөрүү арилж эхэлсэн. Гэтэл ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг биеийн өндөр нам бас улс төрд нөлөөлдөг гэх нэг теорем гаргаад ирлээ. Тэрбээр сүүлийн үед Ж.Энхбаяр гишүүнтэй хонь, чоно шиг болж, юм л бол бие бие рүүгээ дайрч, үгээр байлдах болсон. Ч.Сайханбилэгийн санаачилсан хуулийн төсөлд Төрийн нууцын жагсаалтаас хүний овог нэр, гэрийн хаяг, гэрлэлтийн байдал, эцгээ тогтоолгосон, үрчлүүлсэн гэх зэрэг мэдээллийг гаргах тухай заалт орсон юм. Үүнийг эсэргүүцсэн Ж.Энхбаяр гишүүн түүнтэй ширүүн маргаан үүсгэсэн нь өчигдөр болсон байнгын хорооны хурал дээр ч үргэлжлэв. Тэрбээр өнгөрсөн хурал дээр Ч.Сайханбилэгийн хэлсэн үг гэж баахан хараалын үг уншсаны хариуд өрсөлдөгч нь “Би жижигхэн хүнтэй жин буурч үзмээргүй байна. Ж.Энхбаяр надад би чамайг амлаж авсан. Чиний санаачилсан бүх хуулийг унагаана даа гэсэн. Тиймээс унагаах гэж улайран зүтгэж байна гэх зэргээр ширүүхэн маргалдсан юм. Манай парламентын гишүүд дунд нуруу багатай ч час хийсэн гишүүд олон. Ялангуяа эрэгтэй улс төрчдийн хувьд энэ нь байх л үзэгдэл. Харин Ч.Сайханбилэг бол гишүүдийн дунд өндөрөөрөө дээгүүрт бичигддэг нь ийм "зүйр үг" амнаасаа унагахад нөлөөлсөн бололтой.
Тэдний энэ хэрүүл ч яахав. Харин хоёр гишүүний хоорондын жижигхэн улс төр мэт харагдаж байгаа энэ үйл явдлын цаанаа маш том, бас эмзэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Чухам ямар хууль энэ хэрүүл дунд өндийж байгаа гэвэл ухаалаг үнэмлэхийг жинхэнэ утгаар нь ашиглахын тулд иргэдийн мэдээллийн нэгдсэн сантай болох хэрэгтэй болжээ. Бид бичиг, баримт хөөцөлдөж 100 айлын тоос шороонд хамаг цагаа баран өдөржин холхидог. Энэ байдлыг арилгаж иргэдийн дээрх мэдээллийг төрийн үйлчилгээний байгууллагууд хорондоо солилцдог, нэг доороос бүх лавлагаа мэдээллээ авдаг болно гэсэн үг. Гэхдээ тийм ч амар биш. Эдгээр мэдээллийг нууцын жагсаалтаас гаргавал цаана нь төрийн дархлаа суларч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай эмзэг асуудал. Учир нь Ө.Энхтүвшин гишүүний хэлснээр аль нэг гадаадын этгээд манай иргэдийн овог нэр, гэр бүлийн байдал, гэрийн хаяг зэргийг мэдээллийг олж аваад явахад бид наадах чинь төрийн нууц шүү гээд хуулиар хамгаалж чадахгүйд хүрэхийг үгүйсгэхгүй. Үүнийг М.Батчимэг зэрэг гишүүд эсэргүүцэж заавал төрийн нууцын жагсаалтаас гаргахгүйгээр мэдээллийн сангаа үүсгэж, эрх бүхий байгууллагууд хоорондоо зөвшилцөөд явж болно гэж үзэж байгаа юм. Төрийн нууцын жагсаалтанд байдаг иргэдийнхээ мэдээллийг ямар байгууллага авах хэрэгтэй, тэрийг нь юунд ашиглаж болохыг зааж Төрийн нууцын тухай хуулиар зохицуулаад, жагсаалтаас хасахгүй байх нь санаа зөв мэт. Одоо ч гэсэн зарим байгууллагууд Иргэний бүртгэлээс иргэдийн овог нэр, гэрийн хаяг гэх зэрэг мэдээллийг зөвшөөрлийн дагуу авч л байгаа. Энэ тогтолцоог нь сайжруулахад болно гэж зарим гишүүд үзэж байна. Тэгвэл таны овог нэр, гэрийн хаяг, гэрлэлтийн байдал зэрэг мэдээллийг Төрийн нууцын жагсаалтаас гаргахыг та зөвшөөрөх үү? Ж.Энхбаяр гишүүн жижгээрээ дуудуулан хамгаалж байгаа нууцын жагсаалт, түүнийг ил болгох хэрэгтэй гэсэн Ч.Сайханбилэгийн саналыг алийг нь дэмжиж байна вэ?Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (32)