
МҮАН-ын дарга М.Энхсайхан "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн захирлын албан тушаалаас халагдсан ч Засгийн газрын төмөр замын төслөөр хийх гэж буй ажил нь үрэлгэн, буруу алхам гэж үзэж байгаа. Тэрбээр төмөр замын төслийг Тавантолгойгоо Гашуун сухайт хүртэлх замаар эхлүүлж нарийн цариг тавих ёстой гэж үзэж байгаа. М.Энхсайхан "Бондын мөнгө үргүй зардал болох магадлал өссөөр байна. Хуйвалдаан шатлан өргөжиж байгаа юм байна.
Том том завхралууд олонд ил болж байнаа. Бондыг завхруулбал Монгол "failed state" болно" гэжээ. Харин өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийхдээ "Төмөр замын царигийг Алтанхуяг, Баттулга, Энхсайхан шийдэхгүй. Төмөр замын цариг гэдэг бол төрөөс баримтлах бодлого юм. УИХ-аас тогтоож өгсөн өргөн царигийн тухай ойлголт. Хэрэв экспортод шууд гарахаар байгаа бол Засгийн газар, УИХ руу ямар царигаар барихаа оруулж шийдүүлэхээр заасан. Зарим хүний хувьд нарийн царигтай байвал эдийн засгийн үр ашигтай юм биш үү гэдэг санал гарахыг үгүйсгэхгүй. Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөнөөр хийгдсэн. Гэхдээ энэ бол эдийн засаг болон бусад үндэслэлээс хамаардаг том асуудал. Монгол Улсын төрийн бодлогоор батлагдсан зүйл" хэмээн М.Энхсайханы саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. М.Энхсайханыг анх "МТЗ"-ын захирлаар томилж байсан Ерөнхий сайд дэмжээгүй болохоор түүний санал үр дүнд хүрэхгүй тал руугаа хандлаа.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (6)