
Энэ тойргийн шүүхийг Дорнод аймагт байгуулах ёстой гэж зарим гишүүд үзсэн ч хуулийн эцсийн хэлэлцүүлэг учраас саналыг нь хэлэлцсэнгүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Дорнод аймаг бол дөрвөн хилийн боомттой зүүн бүсийн тулгуур аймаг. Хүн амын нягтрал ихтэй, алслагдсан гурван сум байдаг. Тиймээс төв шүүхийн байгууллага Дорнодод байх хэрэгтэй" гэсэн бол Л.Цог гишүүн: "Анхан шатны шүүх, давж заалдах шүүхийг ялгах хэрэгтэй. Давж заалдах шүүхийг байгуулахдаа ачааллыг харах хэрэгтэй. Дорнодод хамаагүй олон хэрэг гардаг, иргэдийн үйлчлүүлэх ачаалал ч их. Гомдол гаргаж байгаа хүмүүсийн эдийн засгийн хохирлыг харвал Дорнодод зайлшгүй шүүх байгуулах хэрэгтэй" гэсэн юм. Энэ хууль ирэх дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх юм. Учир нь Шүүхийн тухай хуулинд шүүх байгууллагын бүтэц, өөрчлөлтийг жилийн 4-р сарын 15-наас 11-р сарын 1 хүртэлх хугацаанд хийдэг аж.
Мөн Иргэний болон эрүүгийн давж заалдах шүүхэд Төв аймгийн Эрдэнэсант сумыг, сум дундын шүүхэд Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумыг нэмэх, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд Дорнод аймгийн Хэрлэн сумыг нэмэхийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Харин Шүүгчийн орон тоог байгуулах хуулинд Дархан-Уул, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн орон тоог ерөнхий шүүгч 1, шүүгч 4 байхаар өөрчлөх боллоо.
Т.Гэрэл