Олон жил дуншсан Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийж эхэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хэвлэл мэдээллийн байгууллага ямар эзэнтэй байх, улс төрчдөөс яаж хараат бус байх вэ? гэж асуухад хуулийг санаачлагч гишүүд дараах байдлаар хариуллаа.
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Хуулийн төслийг боловсруулахад маш олон тооны санал авч, цөөнгүй хэлэлцүүлэг явуулсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд оройтсон ч гэсэн уулзалт зохион байгуулсан. Энэ бол бүхэлдээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах суурь хууль. Тиймээс зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш энэ салбартай холбоотой бүх зохицуулалтыг шаардаж байгаа. Энэ хуулинд хоёр тулгуур асуудлыг тусгасан. Нэгд, сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус байдал, хоёрт, олон нийтийн өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэсэн хоёр асуудлыг голлосон. Бусдыг гүтгэдэг, доромжилдог гэдэг нь улс төрчид, хэн нэгнээс хараат байгаагийн илрэл. Төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, улс төрчдөөс хараат бус байх гэдэг нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн амин сүнс нь. Энэ хуулийн 8 дугаар зүйлд хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаанд улс төрийн цензур тавихгүй, дарамт шахалт үзүүлэхгүй ажиллах боломжийг редакци нь бий болгох ёстой гэж заасан. Тиймээ редакци хөрөнгө оруулагчтайгаа нийтлэлийн бодлогод нөлөөлөхгүй гэсэн гэрээ хийхийн хажуугаар редакцийн зүгээс сэтгүүлчидтэй улс төрийн ямар нэг байдлаар нөлөөлж, шахахгүй гэсэн гэрээ байгуулах эрх, үүргийг олгож байгаа гэв.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Энэ хуулинд эзэн хөрөнгө оруулагчийг ил тод зарлах заалт байгаа. Эзэн хүн сэтгүүлч мөн биш гэдгээс олон зүйл хамаарах гээд байгаа юм. Сэтгүүлч эзэнтэй бол редакци, хөрөнгө оруулагч хоёрыг яаж салгах вэ гэсэн асуудал байгаа. Үүнийг цаашдаа хэлэлцээд явна.
УИХ-ын гишүүн А.Бакей: 5,3-р заалтанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, мэдээлэл түгээхтэй холбоотой үйл ажиллагаанд нөлөөлж, саад болохыг хориглоно гэсэн заалт орж байгаа. Мөн төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн ажиллагааг тусгайлан сурталчилах, ийм шаардлага тавихыг хориглоно гэсэн заалт орсон байгаа гэлээ.
Энэ асуулт, хариултаа үдээс өмнөх чуулган завсарлалаа. Чуулган 15,00 цагт тус хуулийн талаарх гишүүдийн асуултаар үргэлжилнэ.
Т.Гэрэл

















































