Өнөөдөр ЭМШУИС-ийн байранд "Агаарын бохирдол-Эрүүл мэнд" сэдэвтэй семинар боллоо. Уг семинарт Канадын Саймон Фрейзерийн их сургууль, Тайваны их сургууль, АНУ-ын Беркелегийн их сургууль, МУИС, ЭМШУИС-ийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Хагас өдөр үргэлжилсэн энэ семинарт мөн Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Цэвэр агаар сан, Эрүүл мэндийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтнүүд оролцсон. Уулзалтын үеэр Монголын агаарын бохирдлын өнөөгийн байдал, бусад оронд хэрэгжүүлж буй туршлагын талаар санал солилцлоо. Саймон Фрейзерийн их сургуулийн профессор Райн Ален "Монголд агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болжээ. Манай их сургуулийн зүгээс агаарын бохирдол урагт хэрхэн нөлөлөх талаар суурь судалгааг Монголын судлаачидтай хамтран хийнэ. Цаг хугацаа шаардах ч үр дүн нь ач холбогдолтой болно гэдэг итгэж байна" гэлээ.
ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал О.Чимэдсүрэн: Агаарын бохирдлоос болоод ураг бага жинтэй, төрөлхийн гажигтай гардаг
- Өнөөдрийн семнарт 20 гаруй байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол улсад явагдаж байгаа агаарын бохирдлыг өнөөдөр монголчуудын эрүүл мэндэд ямар эрсдэл үзүүлж болох вэ гэсэн судалгаа хийх гэж байгаа юм. "Цэвэр агаар сан"-гаас санхүүжүүлж байгаа энэ төсөлд гадаадын олон эрдэмтэд оролцож баг бүрдүүлж байна.
Агаарын бохирдлын гол эрсдэл нь хүний эрүүл мэнд, ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэнд байдаг. Жирэмсэн эхчүүд, урагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Бид Канадын багтай хамтран агаарын бохирдол урагт ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг тогтоох зорилготой судалгаа хийнэ. Агаарын бохирдлоос болоод ураг бага жинтэй, төрөлхийн гажигтай гардаг. Хамгийн их агаарын бохирдолтой байгаа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийг сонгож аваад жирэмсэн эхчүүдийг нярайлах хүртэл нь хяналтанд аваад тухайн айлын орчинд байгаа агаарын бохирлдлыг тодорхойлох юм. Мөн тэр айлд агаар цэвэршүүлэх филтер тавиад тавьсан, тавиагүй хоёр айлд хүүхдийн эрүүл мэнд, эхэд ямар нөлөө, өөрчлөлт гарч байгааг судлан гаргах юм. Ингэснээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна уу, бодлого боловсруулагчид цаашид юунд анхаарах ёстой вэ гэдэгт тоо баримттай судалгаа болох юм.
24tsag.mn